Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын парламент хоорондын бүлгийн дарга нар уулзлаа
2022.06.27
Гадаад харилцаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын парламент хоорондын бүлгийн дарга нар уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр өнөөдөр (2022.06.24) Бүгд Найрамдах Чех Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Берковецтэй уулзлаа.


Прагийн Чарльз Их сургуулийн монгол судлалын тэнхимийн тэргүүн, ноён С.Берковец Монгол-Чехийн парламентын бүлгийн даргатай биечлэн уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад анх 1988 онд ирж байсныг уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр 34 жилийн дараах Монгол Улс хөгжил, дэвшлийн хувьд асар их өөрчлөгдсөн ч монгол хүний зочломтгой, сайхан сэтгэл хэвээр байгааг онцлов.

Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр манай хоёр орон он удаан жилийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байна гээд өнгөрсөн хугацаанд Монголын 20 мянга гаруй оюутан залуус Чех Улсад боловсрол, мэргэжил эзэмшиж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийн гүүр болж ирсэн болохыг тэмдэглэв.

Тэрбээр, Монгол-Чехийн ээлжит бизнес форум ирэх намар зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд үүнд бид ихээхэн ач холбогдол өгч байна. Хоёр улс хоорондын аялал жуулчлал, худалдааг өргөжүүлэх зорилгоор агаарын болон автозамын сүлжээг шинэ шатанд гаргахаар бид зорин ажиллаж байна. Энэ хүрээнд автотээврийн хэлэлцээр байгуулах тухай хүсэлт уламжилсан. Мөн Улаанбаатар-Прага хоорондын шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн ба нислэгийг тогтмолжуулахад Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Берковецийг дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Тэрбээр уулзалтын үеэр Монгол, Чехийн хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг Төлөөлөгчдийн танхим соёрхон баталсан, үүнд ноён С.Берковецийн манлайлал чухал үүрэг гүйцэтгэснийг дурдаад Бүгд Найрамдах Чех Улсын парламент, ард түмэнд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 2022 оны Нэгдсэн хуралдаан 2022 оны 7 дугаар сард зохион байгуулагдана. Эл хуралдааны үеэр ЕАБХАБ-ын дэд ерөнхийлөгчийн дөрвөн сул орон тоог нөхөх сонгууль явуулах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь ЕАБХАБ-тай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар нэр дэвшиж байгаа. Манай парламентын тогтолцоо бол ардчилал, хүний эрхийн гол баталгаа. Иймд Чехийн парламентын ЕАБХАБ-ын ПА-н дэргэдэх байнгын төлөөлөгчдөд уламжилж өгөхийг хүсэв.

Чехийн парламентын гишүүн, Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Берковец манай хоёр орны уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаярт талархал илэрхийлэв. Тэрбээр, Бүгд Найрамдах Чех Улсад Монголын олон мянган оюутан залуус боловсрол, мэргэжил эзэмшсэн нь бидний хувьд найрсаг, уламжлалт харилцааны үр дүн, хойч ирээдүйд бидний хүлээж буй хариуцлага юм.

Чехийн парламент дахь Агаарын тээвэр хариуцсан байнгын хорооны гишүүний хувьд хоёр орны хоорондын хэлэлцээр гишүүдийн дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байна. Автотээврийн хэлэлцээрийн хувьд Чехийн тээврийн яаманд уламжилж, хууль тогтоомжид нийцүүлэн хамтран ажиллах боломжтой. Монгол, Чехийн хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг батлахад цаг хугацаа их шаардаж, шинээр хэрэгжүүлсний үр дүнд Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын нийгмийн асуудал шийдэгдэж, Чех Улсын иргэнтэй адил тэтгэвэр авах боломж бүрдэж байгаа юм гэлээ.

Уулзалтад Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопил байлцаж, Монгол, Чехийн парламентын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, нийгмийн хамгаалал, боловсролын салбарыг өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа илэрхийлж, Чех Улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв

ШИНЭ МЭДЭЭ