Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2022.06.16
Хүний эрх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулав.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход бодитой дэмжлэг үзүүлсэн, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг үйл баримтын болон эрх зүйн маргаан бүхий ердийн журмаар хянан шийдвэрлэх хэргээс ялгамжтайгаар хөнгөрүүлж тогтоох, мөрдөн шалгах болон шүүхээр хянан  шийдвэрлэх ажиллагааны журмыг илүү хялбарчлах шаардлагатай талаар хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд саналыг үндэслэн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох өөрчлөлтийг хийсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг дуудан ирүүлэх болон албадан ирүүлэх эрхийг нэмсэн.

Эрүүгийн хэргийн нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны 60-70 хувийг мэдүүлэг авах ажиллагаа эзэлдэг бөгөөд хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх ялангуяа цар тахал, онц байдал зарласан үед иргэдээс мэдүүлэг авахад хүндрэл учирч улмаар хэргийн шалгалтын ажиллагаа удааширч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байх зорилт хангагдахгүй байгаатай холбогдуулан зайлшгүй тохиолдолд мөрдөгч техник технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах, авсан мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх зохицуулалтыг тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг шуурхай хангахад мөрдөгч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байж хангах боломж бүрдэнэ. Энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд шуурхай шийдвэр гаргах гаргах нөхцөлийг бүрдүүлэх, хууль зүйн чухал учир холбогдолтой. Ийм учраас “тодорхой үйл ажиллагаа явуулах”, “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, “хязгаарлалт тогтоох, цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвийн хэрэгжүүлэхэд 24 цагаар жижүүрлэн ажиллах шүүхийн зохион байгуулалтын талаар хуульчлан тогтоосон. Мөн Яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх нь хуулийн этгээдийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг саад учруулахад хүргэж, улмаар энэ нь хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчихөд хүргэдэг тул эдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэн тэргүүнд зогсоох, саад учруулахгүй байх зохицуулалтыг тусгалаа гэв.

ШИНЭ МЭДЭЭ