2022.06.16
Хууль, эрх зүй

Ж.Батжаргал: Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх тогтоолын хэрэгжих үр дүнг ямар шалгуураар үнэлэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Энэ төлөвлөгөөний биелэлтийг он оноор нь тооцдог шалгуур үзүүлэлт, хүрэх түвшингээ тодорхой болгох хэрэгтэй. Энийг бид нар хоёрдугаар хавсралтаар баталж өгөх ёстой. 19 нэр төрлийн бүтээгдэхүүн гэж байгаа. Тэр ямар бүтээгдэхүүнүүд вэ? Хэдэн онд яг 100 хувь хангагдах вэ. Ингэж байж төлөвлөгөөний биелэлтийг тооцох бололцоо бүрдэнэ. Үнэлж үзэж, дутуу байгаа зүйлээ ахиулах боломж бүрдэх юм.

Энэ төлөвлөгөөг биелүүлэх мөнгө  1,7 их наядын тухай ярьж байгаа. Үүний хэдэн хувь нь төсвөөс гарах юм бэ? Хэдэн хувь нь банкны салбарын чөлөөт эх үүсвэр, хэд нь гадаадын зээл, тусламжийг ашиглах вэ. Энийгээ тодорхой болгомоор байна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамгийн том зүйл бол гадаргын болоод хурын усыг ашиглах. Бэлэн усны нөөцөө сайн ашиглах ёстой. Үүнийг энэ төлөвлөгөөнд суулгах өгөх шаардлагатай байна. Мөн бэлчээрийн мал аж ахуйн асуудлаа тодруулмаар байна. Бэлчээрийн малынхаа үүлдэр, угсааг нутгийн шилмэл омгоор нь сайжруулаад, өсвөр малаа эдийн засгийнхаа эргэлтэд оруулж, мах экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээг энэ төлөвлөгөөнд суулгая. Ингэж бүтээмж, үйлдвэрлэл нэмэгдэнэ, орлого өснө.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ