МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дотор орчны агаарын чанарыг үл анхаарах нь хүний эрүүл мэндэд асар их хор уршигтай
2022.06.15
Эрүүл мэнд

Дотор орчны агаарын чанарыг үл анхаарах нь хүний эрүүл мэндэд асар их хор уршигтай

Улаанбаатарчууд урин дулаан цагт агаар хөрсний бохирдлоо мартаж орхидог. Улирлын чанартай эл асуудлыг эмзэглэж хүлээж авдаг нь цөөрчээ. Гэтэл манай нийслэлд тулгараад буй ганц асуудал нь энэ мөн үү гэвэл үгүй. Дуу чимээний бохирдол, гэрлийн бохирдол, дотор орчны агаарын чанар, эрүүл ахуйд төдийлөн хүний анхаарлыг татдаггүй ч эрүүл мэндэд асар хортойг тэр бүр мэддэггүй. УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд эл асуудлыг удаа дараа хөндөж байгаа билээ.

Дотоод орчинд агаар дахь хорт бодисуудын хэмжээ стандартад заасан хэмжээнээс их байвал хурц болон архаг хордлого үүсгэдэг. Өндөр тунтай хорт бодист богино хугацаатай өртсөн тохиолдолд хурц хордлого толгой өвдөх, бөөлжих, тууралт гарах, нүд хорсох гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Гэхдээ илрэх шинж тэмдэг нь химийн бодис бүрээс шалтгаалаад харилцан адилгүй. Харин бага зэрэг үнэртэй, бараг үнэргүй ч гэж хэлж болох зарим химийн бодист урт хугацаанд өртөж байсан хүмүүс 5, 10, 20 жилийн дараа архаг хордлого буюу хавдраар өвчлөх, үр удамд нь нөлөөлж ургийн гажиг үүсгэх, мутацид орох /ДНХ-ийн гинжин хэлхээг гэмтээх/ гэсэн гурван хэлбэрээр өвчлөл үүсгэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Тэрээр мэдээллийн zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа дараах мэдээллийг өгсөн юм.

НҮБ-аас сургууль, цэцэрлэгээс 265 сорьц авч, судалгаа хийсэн. Гэтэл барилгын материалын химийн хор, дотор орчны агаарын чанар ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс хэд дахин илүү байгаа нь тогтоогдсон. Мөн манай улсад баригдаж буй сүүлийн үеийн барилгууд агаар сэлгэлтийн стандартыг мөрддөггүй. Хүүхдүүд үүнээс болж хорт хавдараар өвчилж байгаа. 2021 онд гэхэд шинээр 115 хүүхэд хорт хавдраар оношлогдсон бөгөөд жилд 40 гаруй хүүхэд хорт хавдраас болж нас барсан гэх мэдээллийг өглөө.

УИХ-ын гишүүний хувиар тэрээр зөвхөн хууль санаачлаад, тойрогтоо ажиллаад байсангүй. Нийгмийн эрүүл мэнд, хүн амын аюулгүй байдлын төлөө дуугарч байгаад бид талархах учиртай. 

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дэргэдэх 21 Аймаг, 9 Дүүргийн 900 гаран хүүхдээс шалгарч, сонгогдсон ”Өсвөрийн парламент” хөтөлбөрийн 90 хүүхдээс 2022 оны 3 сарын 31-ний өдөр Улсын Их Хурал, Засгийн газар, иргэд олон нийтэд ирүүлсэн "Дотор орчны агаарын чанар"-ыг сайжруулах санаачилгыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дэмжиж 2022.06.27-ны өдөр 15:00 цагаас Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах гэж байна. Нийтийн сонсгол цахим хэлбэрээр шууд цацагдах учир дараах холбоосоор орон үзэх боломжтой.

https://www.facebook.com/ParliamentofMongolia

Чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөтэй байдгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлд "Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах, үнэлэх зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулах гэж байна гэдгийг Х.Булгантуяа гишүүн онцлон хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ