“Kick for help” төсөл багш, дасгалжуулагчдыг Германд номын дуу сонсгоно
2022.06.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Kick for help” төсөл багш, дасгалжуулагчдыг Германд номын дуу сонсгоно

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортын бүлгийн даргын үүрэгт ажлынхаа хүрээнд Европын холбоонд хүсэлт тавьж, Европарламентын гишүүн Норберт Нойзерын санаачилсан “Kick for help” хөгжиж буй улс орнуудын өсвөрийн хөлбөмбөгийг дэмжих төслийг Монголд хэрэгжүүлэхээр болсон.

Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 2 болон 16 дугаар сургуулиуд 2021 оны 9 сараас хамрагдаж, хичээлийн бүтэн жилийн хугацаанд сургуулийн дэргэдэх хөлбөмбөгийн өсвөрийн клубын үйл ажиллагааг тогтворжуулах, системтэй сургалтыг бий болгоход анхаарч ажиллажээ.

Тухайлбал, 2 дугаар сургуулийн “Сүхийн Зөгийнүүд” клуб 11-12 хүртэлх насны эрэгтэй багаа шинэчилсэн бол, 16 дугаар сургуулийн хөлбөмбөгийн клуб 11-12 насны эмэгтэй багийг бүрдүүллээ. Тэгвэл “Kick for help” төслийн хэрэгжилтийн хоёрдугаар шатны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2, 16 дугаар сургуулийн хөлбөмбөгийн багш дасгалжуулагчид хөлбөмбөгийн их гүрэн Герман улсад мэргэжил дээшлүүлэхээр болсныг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээллээ.

Тэрээр хэлэхдээ "Хүүхдийг эрүүл чийрэг бие бялдартай хөгжүүлэх, нийгэмд зөв төлөвшилтэй иргэн болоход нь спортын арга хэмжээ маш чухал ач холбогдолтой. Тиймээс хүүхэд бүрийг спортоор хичээллэхийг дэмжих нь их чухал. Заавал мэргэжлийн тамирчин болох албагүй ч хүүхэд спортоор хичээллэснээр тэсвэр хатуужилтай, багаар ажиллах чадвартай, аливаад тууштай хүн болж төлөвшдөг" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ