МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхэд бүрт боловсролыг тэгш хүртээхээр ажиллаж байна
2022.06.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхэд бүрт боловсролыг тэгш хүртээхээр ажиллаж байна

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар их хуралд сонгогдохоос өмнө Өмнөговь аймгийн засаг даргаар ажиллаж байсан бөгөөд иргэддээ ээлтэй, тэгш хүртээмжтэй боловсрол, мэдлэгийг түгээхэд чухал ач холбогдол өгдөг байв.

Үүний нэг жишээ нь өөрийн санаачилсан "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 26 дахь заалтыг ажил хэрэг болгож, 5-р сургууль, 23-р цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай ангийг анх удаа шинээр нээж, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн тохижуулж байсныг цохон тэмдэглэе.

Түүний санаачилсан хүүхдийн тусгай ангийн үйл ажиллагааг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нийт 30 хүүхэд хамрагдах боломж бүрдсэн. ЕБС дахь анги нь өдөрт 4-5 цагийн хичээл ордог бол цэцэрлэг дэх анги нь ердийн ангийн программаар хичээллэж байна. Тусгай хэрэгцээт боловсролоор мэргэшсэн мэргэжлийн багш нар хичээл ордог төдийгүй тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж байсан нь нүдээ олсон санал санаачилга байсан юм.

Ийнхүү тусгай хэрэгцээт ангидаа элссэн хүүхдүүд өнөөдөр 5 дугаар ангиа төгслөө. Энэ талаар Н.Наранбаатар гишүүн хэлэхдээ "5 жилийн өмнө хичээлийн жилийн нээлтээ албан ёсоор хийж байсан бол өнөөдөр тэд нар маань 5-р ангиа төгсөөд Эрдмийн баяраа хийж байна. Бяцхан сурагч дүү нараараа маш их бахархаж байна" гэлээ.

Өмнө нь эцэг эхчүүд хүүхдэдээ боловсрол мэдлэг олгохын тулд тусгай хэрэгцээт боловсролын мэргэжлийн багш нар, сургуулийг хайж, үрдээ боловсрол олгохын тулд Улаанбаатарыг зорьдог байв. Ийнхүү тусгай хэрэгцээт, сургууль цэцэрлэгийн асуудлыг орон нутагт шийдэж өгсөнөөр тухайн гэр бүлд ирж байгаа санхүүгийн дарамтыг багасгахын сацуу тав тухтай ажиллаж хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Тэрээр УИХ-ын чуулган болоод байнгын хорооны хуралдаанд нутаг орныхоо асуудлыг цаг ямагт хөндөж, ундны ус, бэлчээрийн даац, хилийн боомт, уул уурхайн болоод тэнд ажиллагсдын амьдралын чанар, эрүүл мэндийн асуудалд дуу хоолойгоо өргөсөөр байна. Түүний санаачилж байсан тусгай хэрэгцээт ангийн хэрэгцээ шаардлага бүх аймагт бий. Тиймээс бусад гишүүн түүнээс үлгэр дуурайлал авч, санал санаачилгыг нь түгээн дэлгэрүүлэх шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ