МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.09

Д.Сарангэрэл: Үнийн өсөлттэй холбоотойгоор яагаад магадлан хийхгүй байна вэ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

Ковид-19 цар тахлын улмаас барилгын салбар төдийгүй бүх салбарууд үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Энэ хооронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материалын үнэ хэрхэн яаж өссөнийг та бид мэдэж байгаа. Үнийн өсөлт 80 хувьтай байна. Энэ өсөлтийг тооцохгүйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийж байгаа бол тухайн үед хичнээн хэмжээний хөрөнгөөр зарлагдсан тэр түвшинд хий гэдэг шаардлагыг Барилга, хот байгуулалтын яам тавьжээ. Энэ яамнаас хэлэхдээ Сангийн яам уг асуудалд ингэж хандаж байгаа гэж хэлсэн байна. Үнийн өсөлттэй холбоотойгоор магадлан яагаад хийхгүй байна вэ?

Уг нь Улсын их хурлаас тогтоол гараад хэрэгжээд явж байгаа. Бидний гаргасан тогтоол дээр улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ барилга, байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, саналаа 2022 оны 07-дугаар сарын 1-ний өдөр Улсын их хуралд танилцуулах гэсэн тогтоолыг цаг үеэ мэдрээд гаргаад өгсөн байна. Гэтэл өмнөх онуудын бүтээн байгуулалтуудаа хийгээгүй байж дахиад шинэ оны бүтээн байгуулалт тавьсан байдаг. Энэ асуудлыг Сангийн яам хэрхэн яаж худалдан авах ажиллагааны газар зохион байгуулах вэ? Улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж байгаа бол алдагдалтай, ашигтай байна уу гэдэг хамаагүй дуугүй гүйцэтгэ, чадахгүй бол боль гэсэн ийм зарчим үйлчилж байгаа юм уу? Ингэж болох уу

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ