МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.08

Х.Булгантуяа: Гадаадын зээлийг Засгийн газраар дамжуулж авсан Төрийн өмчит компани хэд байгаа вэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022, 06, 08/ өдрийн хуралдаанаар “Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан”-г хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Гадаад зээл аваад үр дүнтэй зарцуулсан төсөл хөтөлбөрүүд ч байгаа, эргэн төлөлт муутай, эргээд улс өрөнд ордог хөтөлбөрүүд ч бий. Төрийн өмчит компани гадаад зээлийн хөрөнгийг дамжуулан зээлж аваад эргэн төлөгдөөгүй дүн нь төрийн өмчит компаны хувьд хэд байна вэ? Аймаг орон нутгуудын хувьд хамгийн өндөр дүнтэй байгаа нь хэд вэ? Эрэмбэлж авч үзэхэд салбар, яамдуудаас аль нь байна. Эдгээрийг сайжруулахад өмнө нь ямар ажил хийж байсан бэ? Миний мэдэхээр сүүлийн 4,5 жилийн хугацаанд Сангийн яамнаас эргэн төлөлтийг сайжруулах талаар нилээн ажлууд хийсэн. 2016 оноос хойш эргэн төлөлт хэрхэн яаж нэмэгдсэн бэ?

Мөн 90,91 оноос эхлээд явж байгаа өр зээлүүдийг цаашид яах вэ? Зарим салбарууд гадаадын зээл, тусламж аваад эргэн төлж чадахгүй байхад үүнийг яаж шийдэх гэж байна вэ?

Үндэсний аудитын газраас гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг Сангийн яам руу тайлагнадаг журам байдаг. Үүнтэй холбоотой тайлагналтыг сайжруулах талаар ямар зөвлөмжүүдийг өгч байна вэ? 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ