МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, Байнгын хорооны тогтоол баталлаа
2022.06.08
Улстөр

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, Байнгын хорооны тогтоол баталлаа

Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэв.

Санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа танилцуулсан юм.

Ажлын хэсэг Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ахмад настанд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Төрийн болон хувийн хэвшлийн ахмад настны асрамжийн газар болох “Ахмад настны үндэсний төв”, “Батгэрэлт ирээдүй” ТББ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний асрамжийн газар, Ватиканы төлөөлөгчийн газрын дэргэдэх Дарь эх дэх ахмад настны эмэгтэйчүүдийн асрамжийн газар, Увс аймаг дахь Баруун бусийн ахмад настны асрамж, үйлчилгээний төв, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж, үйлчилгээний төв зэрэг асрамжийн газрууд болон ахмад настанд “өдрийн үйлчилгээ” үзүүлж буй “86400” ТББ-ын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

Түүнчлэн ажлын хэсгийн гишүүд Хэнтий, Орхон, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж, аймгийн Засаг дарга, ИХТ-ийн дарга болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, орон нутгийн ахмадын сувиллын үйл ажиллагаа, ахмадын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулан, Ахмадын сангийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлууд болон цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон байна.

Ажлын хэсэг дээрх газруудад ажиллахдаа ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, ахмад настны амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог төрийн бодлогоор дэмжих, ахмад настанд чиглэсэн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, “Ахмадын сан”, “Ахмадын өргөө”, “Ахмадын амралт сувилал” зэрэг ахмад настанд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөв, санхүүгийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, орон нутгийн түвшинд ахмадад чиглэсэн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсч байгаа талаар харилцан ярилцаж, санал солилцсон хэмээн танилцуулсан.

Ахмад настны тухай хууль 2017 онд батлагдан мөрдөж эхэлсэн бөгөөд ахмад настанд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгаа, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн 3 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулан ажиллах хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд энэ талаарх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий болсон байна гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

Тиймээс дараах үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд:

1/Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ахмад настны тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх;

2/Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ”-г үнэлэх, шинэчлэх, зарим төрлийн үйлчилгээг санхүүжүүлэх төсвийг “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт”-ийн ангиллаас тусад нь “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ” гэсэн зардлын ангилалаар нийгмийн халамжийн сангийн төсөвт тусгах;

3/Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Ахмадын сангийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд төсөвт байгууллагууд тухайн жилийн төсвийн төсөлдөө ахмадын санд төвлөрүүлэх хөрөнгийг тусган батлуулж, ахмадын санг байгуулан Монголын Ахмадын холбоотой хамтран ажиллах;

4/Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, санхүүжилтийг үр ашигтай, ил тод зарцуулах, нийгмийн хөгжилд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх;

5/Ахмад настны тухай хуульд заасан ахмадын зориулалттай амралт, сувиллын газрын эрхийн бичгийн нэг ор, хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг инфляцийн өсөлттэй уялдуулан 2023 оноос нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийх;

6/Улсын хэмжээнд сум бүрийг “Ахмадын өргөө”-тэй болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, Ахмадын өргөөний урсгал зардал, ажиллаж буй ахмадын урамшууллыг тухайн орон нутгийн төсөвт тусгаж, санхүүжүүлэх;

7/Нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттай цахимжуулах хүрээнд 2022 онд багтаан Ахмад настны бүх төрлийн үйлчилгээг ehalamj.mn системд шилжүүлэх;

8/Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн асрамжийн газрын барилга байгууламж, засвар, хөрөнгө оруулалтын шаардлагатай зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэх, орон нутгийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагааг сайжруулах;

9/Геронтологийн үндэсний төвийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай санхүүжилтийг 2023 оны Улсын төсөвт тусгаж, 2025 онд ашиглалтад оруулах;

10/Ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг (оношлогоо, эмчилгээний нэр төрөл, өрөө тасалгааны тоо хүртээмж, мэргэшсэн эмч, мэргэжилтний тоо) нэмэгдүүлэх;

11/Ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсэг дээрх асуудлуудыг тусган Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холобгдуулан УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн 2022 оны 06 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоол баталлаа. Тус Байнгын хороо 06 дугаар сард Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл,

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эцэст нь Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 14.00 цагаас хийхээр товлосноор хуралдаан өндөрлөлөө

ШИНЭ МЭДЭЭ