УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Баянцагаан суманд ажиллалаа
2022.06.06
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Баянцагаан суманд ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг, Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил нарын хамт Баянцагаан сумын "Малчдын зөвлөгөөн"-д оролцож УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, ажлын тайлангаа танилцуулав.

Уулзалтын үр дүнд тус сумын эдийн засгийн үндсэн салбарыг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр:

1. Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч, Баянцагаан сумын илүү нугаламт хонийг нутгийн шилмэл хонины үүлдэр болгон хөгжүүлэх, Шинэ хөдөө Төв аймаг төслийн хүрээнд цөм сүрэг бий болгож, тодорхой сумдуудын хонины чанарыг сайжруулах, түүнчлэн Сэлэнгэ үүлдрээр үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргатай санал солилцон, сумын хэмжээнд эхний ээлжид 100 үхэрт зохиомол хээлтүүлэх хийх арга хэмжээ авахаар боллоо.

2. Мал аж ахуйг түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэл болон хоршоог хөгжүүлэх чиглэлээр сум, орон нутгийн удирдлагууд, малчид, иргэдтэйгээ тус тус хамтарч ажиллахаар ярилцлаа.

Мөн сумын Нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, тулгамдсан асуудлуудыг нь сонслоо.

Сумын сургуульд 1-9-р ангид нийт 152 хүүхэд суралцаж байна. Сургуулийн барилгын хана цуурсан нөхцөл байдалтай танилцан, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг ажиллуулан дүгнэлт гаргуулж, шаардлагатай арга хэмжээг авахаар тогтлоо. Мөн багш хөгжлийн төв, мэдээлэл зүйн кабинетийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Дотуур байранд хүүхэд хөгжлийн төв байгуулах талаар сумын Засаг дарга Д.Хүрэлбаатартай ярилцан шийдвэрлэхээр болов.

Түүнчлэн сумын 100 жилийн ойг угтан Спорт заалын барилгын ажлыг ирэх онд эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.
Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын ажлыг аймгийн 253,0 сая, сумын 80,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Дөрвөн Лхагва" ХХК-аас энэ 7 дугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг нарийвчлан гаргуулж, аймгийн ЭМГ-тай хамтран шийдвэрлэх, нэн тулгамдаж байгаа түргэн тусламжийн тэрэгний асуудлыг ЭМЯ-д хандан шийдвэрлүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ