Аргалант сумын төв хүртэлх 8.7 км хатуу хучилттай автозамын барилгын ажил эхэллээ
2022.06.04
Орон нутгийн хөгжил

Аргалант сумын төв хүртэлх 8.7 км хатуу хучилттай автозамын барилгын ажил эхэллээ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын хамт Аргалант суманд ажиллаж, баруун чиглэлд автозамаас Аргалант сумын төв хүртэлх 8.7 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг эхлүүллээ.

Тус замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Билэгт зам" ХХК гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд 2022 онд багтаан ашиглалтад хүлээлгэж өгөх талаар удирдлагуудтай нь санал солилцлоо.

Мөн сумын Нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, санал хүсэлтийг нь сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахаар болсон юм.

Сургуулийн барилгын өргөтгөлийг орон нутгийн төсвийн 720,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Тэнгэрийн долоон од" ХХК гүйцэтгэж байна. Одоогоор барилгын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд 2022 оны 8 сард багтаан ашиглалтад хүлээлгэж өгөх талаар ярилцлаа.

Сумын Эрүүл мэндийн төвийн барилга 1989 онд ашиглалтад орсноос хойш засвар хийгдээгүй бөгөөд барилгын чанар муудаж, дулаан алдагдал их байгаа тул нөхцөл байдалд дүгнэлт гаргуулан, их засвар хийлгэх талаар аймгийн Засаг даргатай санал солилцон, холбогдох албаны хүмүүсийг ажиллуулахаар болов. Мөн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр аймгаас хэрэгжүүлж буй "Сувилагч хөтөлбөрт" оюутан, сурагчдыг хамруулах талаар санал солилцлоо.

Мөн сумын цэцэрлэгийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа гал тогооны тоног төхөөрөмж болон барилгын цахилгаан холболтын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох газруудад хүсэлт тавихаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн ард иргэдтэйгээ уулзаж, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, ажлын тайлангаа танилцуулан, иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон юм.

ШИНЭ МЭДЭЭ