Ц.Мөнхцэцэг: Хүүхдүүд амиа хорлоход нөлөөлж буй шалтгаан нь үе тэнгийнхний дарамт байсан
2022.05.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Мөнхцэцэг: Хүүхдүүд амиа хорлоход нөлөөлж буй шалтгаан нь үе тэнгийнхний дарамт байсан

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хамтаар ЕБС-ийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийг УИХ-ын дэргэд санаачлан байгуулаад ажиллаж буй.

Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд хүний эрх, тэр дундаа сургуулийн орчин дахь сурагчдын тулгамдаж буй асуудалд онцгой ач холбогдол өгч, түүнийг засан сайжруулахад гар бие оролцож явдаг нэгэн. Тухайлбал, “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монгол улсад ч ажил болгох ёстой” гэж анх жиргэсэн бөгөөд үүнийгээ ажил хэрэг болгож чадсан.

Хамтарсан Ажлын хэсгийн хүрээнд Ц.Мөнхцэцэг гишүүний санаачилгаар СБД-ийн ЕБС-иудын 6-12 дугаар ангийнхны дунд “ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ДУНДАХ ГАДУУРХАЛ, ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ” видео контент бүтээх уралдааныг зарлан, СБД-ийн Цагдаагийн газар, СБД-ийн Боловсролын хэлтэс, Сүү ХК, Channel 11 телевиз зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байгаа билээ. Тэмцээний шилгүүдийг зургаадугаар сарын 4-ний өдөр буюу “Олон Улсын дээрэлхэлт, гадуурхлын эсрэг өдөр”-ийг тохиолдуулан шалгаруулж, дүнгээ гаргахаар болжээ. Түүний санаачилсан уралдаанд сурагчид идэвх, санаачилгатай оролцож байна. 

Ерөнхий боловсролын сурагчид нэгнийгээ дарамтлах, дээрэлхэх, бүлэглэн зодох хэргүүд удаа дараа гарч байгаа ч сургуулийн орчинд ёс зүйн алдаа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт гарахаас хамгаалах зохицуулалт манай ЕБС-иудад байдаггүй учраас тэрээр энэхүү хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ. Энэхүү санаачилгаа тайлбарлахдаа тэрээр "Хүчирхийлэл бол хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй гэр бүл, найз нөхөд, сургуулийн орчин, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болж төлөвшдөг хандлага, зан үйл юм. Хэвшмэл зан үйлийг өөрчилж болох ба сөрөг зан үйл хэвшихээс урьдчилан сэргийлэх боломжтой. Тиймээс тус уралдааныг зарласан гэлээ.

ЦЕГ-ын мэдээллээр Монгол Улсад жилдээ 500-605 хүн амиа хорлосон гэсэн мэдээлэл байна. Үүний 25 хувь нь 10-25 насны хооронд хүүхэд, залуучууд байсан бөгөөд амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт байсан юм.

Энэхүү “Баярлалаа Сүхбаатар” нийгмийн нөлөөллийн аяныг дэмжиж, МУСТА, дуучин С.Гантогоо элч төлөөлөгчөөр ажилласан. Үе тэнгийнхний дундах гадуурхал, дээрэлхэлтийн эсрэг аяны элч төлөөлөгчийн хувиар МУСТА С.Гантогоо ажлын хэсэгтэй хамтран ирэх 9 дүгээр сараас буюу 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд Сүхбаатар дүүргийн ЕБС-иудад энэ сэдвээр илтгэл, сургалт мэдээлэл, урлагийн тоглолт бүхий өдөрлөгийг үе шаттай зохион байгуулахаар болсоныг дуулгахад таатай байна.

ШИНЭ МЭДЭЭ