Ц.Мөнхцэцэг: Экспертүүд парламентын төлөөлөх чадварыг сайжруулах үүднээс гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үздэг
2022.05.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Мөнхцэцэг: Экспертүүд парламентын төлөөлөх чадварыг сайжруулах үүднээс гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үздэг

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Ажлын хэсгийн гишүүний хувьд та нэмэлт, өөрчлөлтийг ямар агуулгаар хийх байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хороонд Ж.Мөнхбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг улс төрийн намууд болон иргэдээс ирүүлсэн санал шаардлагуудыг судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй. Энэ дагуу бид эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын удирдлагуудын хэлэлцүүлгийг хийж байна. Иргэдээс ч санал хүлээн авч байгаа.

Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай тунгаан бодож, судалгаа шинжилгээ, иргэдийн санал, зөвлөмжүүд, хэлэлцүүлгүүдэд үндэслэх ёстой. Өнөөдрийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэдэгт иргэд болон улс төрийн намууд санал, шахалт ирүүлсэн байгаа. “Өнөөдрийн сонгуулийн тогтолцоо болон УИХ-ын бүтэц үйл ажиллагаанд парламентын төлөөлөх чадварыг хэрхэн хангаж байна вэ”, “Парламентын хууль тогтоох чадавхид хэрхэн нөлөөлж байгаа”, “Сонгуулийн тогтолцоог өөрчлөх юм бол ямар боломжит хувилбарууд байж болох вэ”, “Сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн болон бусад хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийж болох уу” зэрэгт эрдэмтэн судлаачдынхаа саналыг авч байна л даа.

Үндсэн хууль бол нийгэм, улс төрийн харилцааны суурь хууль учраас үндэсний зөвшилцөл, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж байж өөрчлөх ёстой. Тухайлбал, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ судлаачид, улс төрийн намууд, улстөрчид бүгд 1992 оны Үндсэн хуулиас хойших 30 жилийн нийгэм, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийг дүгнэсэн. Ялангуяа гүйцэтгэх засаглал тогтворгүй байгаа зэрэг тодорхой үндэслэлүүдээр нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Ингэх явцад зайлшгүй өөрчлөх байсан зарим асуудал тухайн үед олонхын санал аваагүй унасан.

Тэр нь сонгуулийн холимог тогтолцоо. Мөн парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар Үндсэн хуульд заасанчлан 57 гишүүний санал хүрээгүй учраас унасан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт явагдсанаас хойш гурван жилийн дараа дахин улс төрийн намууд, иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдаас нэмэлт, өөрчлөлт хийе гэсэн зайлшгүй үндэслэл нотолгоо бүхий санал дэвшүүлсэн. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгайлан байгуулагдах ажлын хэсэг энэ тал дээр санал нэгдэж, тодорхой хууль санаачлагчийн зүгээс төсөл өргөн баривал нэмэлт, өөрчлөлтийг оруулж болохоор байгаа. Гэхдээ нийгмийн өргөн хүрээтэй зөвшилцөл хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Парламентын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн сэдэв байнга хөндөгддөг. Тэр утгаараа хоёр танхимтай парламентын тогтолцоог эрдэмтэн судлаачид дэмждэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Ер нь бол парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал өмнөх жилүүдэд эрдэмтэн судлаачид, Үндсэн хуулийн эрх зүйчдийн санал дүгнэлтэд удаа дараа гарсаар ирсэн. Улмаар 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр хөндөгдөж байсан. Эрдэмтдийн болон мэргэжлийн экспертүүдийн байр суурь бол Монгол Улсын парламентын төлөөлөх чадварыг сайжруулах үүднээс гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үздэг. Аливаа парламентын хууль тогтоохоос гадна чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал байгаа.

Энэ бол парламентад хүн ам болон газар нутгаа төлөөлж байх ёстой гэсэн үг. Парламентын төлөөллийг хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд нэлээд нухацтай бодож, Үндсэн хуулиндаа сайн гарц гаргалгааг эрэлхийлэх ёстой. Сүүлийн үед Монгол Улсын эргэн тойрондох геополитикийн болон аюулгүй байдлын асуудлууд хурцаар тавигдаж байна. Дайны нөхцөл байдлаас улбаатайгаар манай улс дахь гадаад бодлого, хоёр хөршийн зүгээс ирэх нөлөөллийн асуудал байна. Энэ үед бид парламентын засаглалыг илүү төлөвшүүлэх, хууль тогтоох чадавхыг нь нэмэгдүүлэх, нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрлийг багасгах, хараат бусаар ажиллах байдлыг нэмэгдүүлэх нь чухал.

Өнөөдрийн 76 гишүүнтэй, нэг танхимтай парламентын хувьд өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд газар нутгийн төлөөллийг сайн хангаж ирсэн гэж үздэг. Тойргоор хуваагдсан мажоратор систем бол 2012 оноос бусад бүх сонгуульд үйлчилж ирсэн. Харин хүн амын тэр дундаа сонгогчдын төлөөллийг хангах тал дээр учир дутагдалтай байсан. Ер нь засаглал хуваарилах сонгодог онолын дагуу парламентын төлөөлөл тэгш байдалтай байх ёстой. Энэ нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэх парламентын гишүүдийн тоог тогтоох, гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм.

Ингэснээр сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн байгууллагад дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна. Тэр гишүүдийн тоо нь адил тэнцүү байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгогч том хотод юм уу алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамаараад хууль тогтоох байгууллагууд тэгш төлөөлөлтэй байх ёстой. Мөн сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байхыг хэлээд байгаа юм. Өнөөдөр нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн дунджаар 99 мянга 377 сонгогчийг төлөөлж байна.

Харин орон нутгаас сонгогдсон гишүүн 55 мянга 315 сонгогчийг төлөөлж байгаа. Ийм зөрүүтэй байдалд хүргэсэн шалтгаан бол сонгуулийн мажоратор систем. Ер нь улс орнууд парламентдаа иргэдийн төлөөллийг хангахын тулд хувь тэнцүүлэх буюу пропорционал системийг хэрэглэдэг. Мөн парламентын хоёр танхимтай байдаг. Хууль тогтоох байгууллага нь газар нутгийн болон хүн амын тэгш төлөөллийг хангах гол механизм бол хоёр танхимтай парламент байдаг.

Парламентын доод танхим буюу нийтийн сонгуулиар бүрддэг хэсэг нь сонгогчийн тэгш төлөөлөл, нийгмийн бүтэц, улс төрийн хүчнүүдийн харилцааг төлөөлдөг. Харин дээд танхим нь газар нутгийн төлөөлөл буюу муж улс, аймгийн төлөөллөөр бүрддэг онцлогтой. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хийхэд хүрвэл хоёр танхимтай парламентын асуудлыг хөндөх боломжгүй.

-Яагаад вэ. Харин ч зөв хувилбар гэж зарим судлаач үзэх юм билээ?

-Хоёр танхимтай парламент гэдэг бол Үндсэн хуулийн суурь бүтцийг өөрчлөх сөрөг үр дагавартай. Тиймээс бид хоёр танхимтай парламентыг нэвтрүүлнэ гэхээсээ илүүтэйгээр парламентын төлөөллийг тэгш хангах сонгуулийн тогтолцоог ярих нь зөв. Иргэдийн болон газар нутгийн төлөөллийг тэгш хангадаг сонгуулийн тогтолцооны хувилбарыг олж, Үндсэн хуулиндаа нэвтрүүлж болно. Үүний нэг хувилбар бол холимог систем байгаа.

Ийм системийн үед парламент дахь иргэдийн төлөөлөл, улс төрийн намуудын жагсаалтаар буюу пропорционал систем юм. Харин газар нутгийн төлөөллийг бол тойргоор сонгогдсон гишүүд нь төлөөлөх боломжтой. Тиймээс холимог системийг нэвтрүүлэх юм бол парламент дахь хүн амын болон газар нутгийн төлөөллийг тодорхой хэмжээгээр хангах дэвшилттэй хувилбар болно гэж үзэж байгаа.

-Одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд байгаа нь Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй болох хуучин тогтолцоо руугаа орохыг хүсч буй далд санаа юм биш үү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглалыг яаж бэхжүүлэх вэ?

-Манай улс төрийн хэллэгт “давхар дээл” гэсэн нэр томьёо хэвшсэн. Ер нь дэлхийн практикт парламентын засаглалтай улс орнуудад засгийн газрын гишүүн ямагт парламентын гишүүн байдаг бичигдээгүй хууль бий. Харин Австрали, Шинэ Зеландад үүнийг бүр хуульчилсан байдаг. Засгийн газрын гишүүн заавал парламентын гишүүн байна гээд Үндсэн хуулиндаа заасан байх жишээтэй. Яагаад гэвэл засгийн газрын гишүүн болохын тулд хоёр давхар шалгуурыг давж сонгогдоно. Эхнийх нь парламентын сонгуульд сонгогчдынхоо итгэлийг хүлээж орж ирнэ.

Улмаар парламентын гишүүдээсээ дахин шигшигдэж, төрийн ажлын туршлага мэдлэг чадвараараа засгийн газрын гишүүн болдог. Тэгэхээр засгийн газар ихээхэн өндөр шалгууртайгаар бүрэлддэг зарчимтай. Дэлхий дахинд парламентын гишүүн бол “давхар дээл”-тэй буюу засгийн газрын гишүүн байдаг. Монгол Улсын хувьд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байхад тодорхой сөрөг үр дагаврууд гараад байгаа. Энэ маань Монгол Улсын парламент жижиг буюу 76 гишүүнтэй болохоор тэр. УИХ-ын гишүүдийн арав гаруй нь Засгийн газарт орчихоор байнгын хороо буюу чуулганы үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, ирц бүрдэхгүй байх, тухайн Засгийн газрын гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүнд хэт их ачаалал ирэх зэрэг сөрөг үр дагавар байдаг.

Мөн манай улсын хувьд парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх асуудал Үндсэн хуулийн эрх зүйд, улс төрийн хүрээнд удаа дараа судлагдсан. Эрдэмтэд олонтаа судалж, няцаах үндэслэлүүдийг ч шинжилсэн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үед хөндөгдөж байв. Ер нь судлаачийн түвшинд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх ёстой гэдэг хатуу байр суурь байдаг. Ингэж байж Засгийн газрын үр ашиг, чадавх нэмэгдэнэ. Хэрэв Монгол Улсын парламентын гишүүдийн тоог 140-өөс дээшээ нэмэх тохиолдолд 10 гаруй гишүүн Засгийн газарт ороход хууль тогтоох байгууллагын чадавх болон үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн судалгааны дүгнэлтүүд байдаг.

-МАН дараагийн парламентад олонхоороо түрэн гарч ирэх боломжийг бүрдүүлэхийн тулд Үндсэн хуулиар оролдоод эхлэв үү гэсэн хардлага нийгэмд байх шиг. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлуудаар өнгөц засвар хийх маягтай өөрсдийнхөө зорилгод хүрэх гээд байна уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх асуудал МАН-аас гараагүйг олон түмэн мэдэж байгаа. УИХ-ын гишүүн Х.Доржханд болон УИХ-д суудалтай бусад намуудын зүгээс санаачилга гаргасан. Мөн 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулаад УИХ-ын даргад өргөн барьсан шүү дээ.

МАН-ын хувьд Засгийн газрыг тогтвортой байлгах, сонгодог парламентын чадавхыг бэхжүүлэх, улс төрийн тогтолцоог тогтвортой байлгаж, Монгол Улсын хөгжлийн стратегийн бодлогын улс төр хийдэг нам. Тэрнээс Үндсэн хуулийг өөрчилье гэдэг асуудал МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн түвшинд огт яригдаагүй.

-УИХ-д МАН олонх байгаа үед ямар ч хуульд халдаж болох нөхцөл байдад үүсэх боломжтой. Тийм жишиг явж байна уу гэж харагдаад байгаа болохоор ингэж асуугаад байгаа юм...

-2016, 2020 оны сонгуулийн үр дүнд ард түмний дийлэнх нь МАН-д итгэл хүлээлгэсэн. Төрийн бодлого тогтвортой явах, МАН-ын шинэчлэлийн бодлого, авлигатай тэмцэж байгаа шийдэл, нийгмийн шударга ёсыг бий болгох чиглэлд хийгдэж байгаа алхмуудыг иргэд дэмжиж манай нам сонгуулиар олонх болсон. МАН олонх болсон гэдгээрээ хүч түрж, тодорхой хуулиудад тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж санаачилга авч эхлэн дайраагүй. Ер нь УИХ-д олонх байгаа намаас ард түмэн илүү хүлээлттэй, шаардлага тавьдаг.

МАН иргэдийн шаардлагад нийцүүлэн бодлогын стратегийн улс төрийн дорвитой шинэчлэлүүдийг хийхээр 2021 оны арванхоёрдугаар сард болсон XXX их хурлаараа дэвшилтэт бодлогуудаа баталсан шүү дээ. МАН Монгол Улсад үйлчилж байгаа 800 гаруй хуулинд хүний эрхийн үнэлгээ хийсэн. Хүний эрхийн талаас хоцрогдсон, зохицуулалтын хувьд өнөөдрийн цаг үед нийцэхгүй байгаа хуулиудыг засахаар ажлуудаа хийж байна. Мөн МАН авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон ямар ч албан тушаалтанд хариуцлага тооцох, улмаар намаас хөөх хүртэлх асуудлыг шат шатны хяналтын хороогоор шийдээд явж байгаа.

-Үндсэн хуулийг баталснаас хойш найман жил гар хүрч болохгүй гэж хуулиар хамгаалжээ. Гэтэл журмын тухай хуулиар дахиад өөрчлөх гээд байгаа нь ямар хуулийн цоорхой яваад байна вэ. Эцэг хуулийнхаа дархлааг хэрхэн суулгах ёстой юм бол?

-Үндсэн хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа бөгөөд ард түмэнтэй байгуулсан нийгмийн тулгуур баримт бичиг. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах, хэлэлцэн батлах үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулж, эрх зүйн хамгаалалтыг бий болгосон байдаг. Энэ дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй гэдгийг тодорхой заасан.

Журмын тухай хуулийн 5.3.1 болон 5.3.2-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэр эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийт болон бусад байгууллагын оролцоог хангах, иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгоно гэж заасан байдаг. Тиймээс тодорхой хууль санаачлагчийн зүгээс улс төрийн намуудын тавьж буй шаардлагыг хүлээн аваад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барихаар болбол эдгээр заалтын дагуу иргэд, олон нийтийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж, үндэсний зөвшилцөлд хүрэх ёстой.

Журмын тухай хуулийн 3.3-т зааснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нэгэнт оруулсан бол хүчин төгөлдөр болсноос хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Тэгэхээр 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан тодорхой заалтуудаар яг энэ журмын тухай хуулиар одоо дахин хөндөх боломжгүй. Хэрэв улс төрийн намууд болоод иргэдийн санал санаачилга илүү хүчтэй байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй үндэслэл байна гэж үзэх юм бол журмын тухай хуулийн 3.3-т тодорхой өөрчлөлт орох болов уу гэж харж байгаа. Гэхдээ энэ талаар МАН-ын удирдах зөвлөл болон бүлэгт яригдаагүй.

Тэгэхээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын төлөөлөх чадварыг сайжруулахад нийгмийн зөвшилцөл хийх цаг хугацаа, энэ хүрээнд хэлэлцүүлгүүдийг өргөн хүрээнд явуулах шаардлагатай. Тиймээс бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Иргэд олон нийтийнхээ саналыг авах шаардлагатай. Ер нь Үндсэн хууль бол Монгол Улсын суурь хууль учраас ул суурьтай судалгаа нотолгоо, эрдэмтдийн санал дүгнэлтэд үндэслэх ёстой.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай та ярилаа. Манай улсын одоо хэрэглэж байгаа сонгуулийн тогтолцооны сул тал нь юу вэ. Эрдэмтэн судлаачдын хувьд холимог системийг сонгох ёстой гэдэг шүү дээ?

-Аливаа улс сонгуулийн тогтолцоогоо сонгохдоо газар нутгийн онцлог, хүн амын тоо, гадаад болон дотоод аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлийг тооцон үзэх ёстой. Монгол Улс бол өргөн уудам газар нутагтай. Хоёр том хөрштэй. Хүн амын тоо цөөн, тархалт сийрэг улсын хувьд сонгуулийн тогтолцоо нь эдгээр онцлогуудыг заавал харгалзсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-д газар нутгийн төлөөллийг тооцож оруулах нь зөв.

Энэ бол мажоратор системийг хэлж байгаа. Нөгөө талаас парламент бол улс орны улс төрийн хүчний харьцаа, сонгогчийн саналыг парламентад аль болох тусгаж, тэгш төлөөллийг харгалзах ёстой. Бидний хэрэглэж байгаа мажоритар тогтолцоо бол сонгогчийн саналыг үлэмж хэмжээгээр гээдэг. Улс орон дахь намуудын хүчний харилцааг бодитойгоор тусгаж чаддаггүй. Тиймээс парламентын тэгш төлөөллийг алдагдуулсан сөрөг үр дагавартай гэдэгтэй судлаачдын олонх санал нэгтэй байдаг.

Хүн амын болон газар нутгийн төлөөллийн аль алиныг хангасан парламентыг бүрдүүлэх сонгуулийн тогтолцоог сонгох ёстой. Энэ бол холимог систем байж болох юм гэж үзэж байгаа. 2012 оны парламент ийм системээр бүрдэж байв. Холимог системээр парламент бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр сөрөг тал гарч судлаачид болон ард иргэд шүүмжилж байсан. Хэрэв холимог тогтолцоог сонгох болбол парламентын гишүүдийн хэдэн хувь нь намын жагсаалтаар, хэдэн хувь нь тойргоос сонгогдох уу, тойргуудыг яаж хуваах уу, бидний яриад байгаа жижиг тойргоор улсын төсөв тарамддаг, тойргийн эрх ашгийг улс орны хөгжлийн стратегиэс илүү тавьдаг энэ байдлыг арилгахын тулд тойргуудын ямар хувилбар байх уу зэрэг олон асуудал бий.

Энэ тал дээр эдийн засгийн болон улс төрийн тооцооллуудыг хийх ёстой. Мөн намын жагсаалтыг оруулахад 2012 онд хаалттай байсан шүү дээ. Тухайн жагсаалтад хэн орохыг нам өөрийнхөө дотоод үзэмжээрээ шийдээд явчихсан байдаг. Намын жагсаалтад гишүүдийг эрэмбэлэх боломжийг сонгогчдод олгоогүй. Иймд намын жагсаалтыг нээлттэйгээр буюу сонгогчид эрэмбэлдэг байх ёстой. Тодруулбал, намын жагсаалтад байгаа хүмүүсийг сонгогчдын өгсөн саналаар эрэмбэлж, суудал хуваарилах гэх мэтээр аль болох иргэдийн төлөөлөл, сонгогчийн санаа бодол, улс төрийн хүчний харьцааг тэгш тусгах хувилбарыг судлах шаардлагатай.

Ер нь сонгуулийн системийн маш олон хувилбар байгаа. Аль болох Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эерэг үр дагавар гарахуйц, парламентын засаглалыг бэхжүүлэх, тогтвортой Засгийн газар үүсэн бүрэлдэхүйц системийг сонгох ёстой. Энэ тал дээр эрдэмтэн судлаачдын дүгнэлт, урт хугацааны судалгааг хийх зайлшгүй шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ