2022.05.30
Хууль, эрх зүй

“Улстөрч шүүх эрх мэдлийн оройд байж таарахгүй”

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа. Тухайлбал, уг хуулийн өөрчлөлтөөр “Ерөнхий прокуророор зөвхөн прокуророор ажиллаж байсан хүн томилогдох ёстой байтал Монгол Улсын иргэн” хэмээн оруулж ирсэн нь шүүмжлэлийг дагуулж буй.


-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд Ерөнхий прокурорыг иргэнээр солих заалт орж ирлээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Би Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа 2017 онд яагаад уг заалтыг оруулж байсан бэ гэхээр Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд тавигдах шаардлагад хязгаарласан заалтууд байхгүйн улмаас АН-ын дарга байсан Д.Дорлигжав Ерөнхий прокурор болж байсан. Прокурор бол шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн хэсэгт ордог. Шүүх эрх мэдэл улс төрөөс ангид, хараат бусаар үйл ажиллагаа явуулах учиртай. Тиймээс улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс шүүх эрх мэдлийн оройд залардаг байж таарахгүй гэдэг үндэслэлээр тус заалтыг оруулж байсан юм.

Д.Дорлигжавын дараа М.Энх-Амгалан Ерөнхий прокуророор ажиллаж байсан. М.Энх-Амгалан прокурор цагдаагийн хүн.  Прокурорын байгууллага хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьдаг. Шуудхан хэлэхэд цагдаагийн байгууллагад хууль хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавьдаг чиг үүрэгтэй. Цагдаа хүн прокурор болох нь зөв эсэхэд мөн системд өөрчлөлт хийж, өмнө нь ажиллаж байсан туршлагатай хүмүүс дэвшдэг тогтолцоо байх нь зөв  гэсэн итгэл үнэмшлээр 2017 онд хийж байсан. Үүнийг өөрчлөхөөр хуулийн заалт орж иржээ.

-Иргэн хүн Ерөнхий прокурор болбол ямар эрсдэл үүсэх вэ?

-Д.Дорлигжав тухайн үедээ МАН-ын гишүүнчлэлтэй 18 аймгийн Засаг даргад хэрэг үүсгэж байсан гэдэг. Бизнесменүүдийг дарамталж, рэкет хийсэн. Хэчнээн сая ам.долларын шантааж хийж эхнээс нь барьж, хориод л байсан. Тордойн Ганболд  Д.Дорлигжавд дөрвөн сая ам.доллар өгсөн гэж яриад байдаг. Энийг шалгадаггүй. Улс төрийн албан тушаал хийж байсан хүн очихоор улс төрийн өшөө авалт хийдэг. Улс төрийн зорилгоор ашиглаж, хуулийн хонгил бий болгодог. Ийм эрсдэл байгааг нотолчхоод байна. Тиймээс хуулийн хаалт хийж өгсөн. Уг хуулийн хаалтыг зөв гэж боддог.

-Ц.Нямдоржийг Ерөнхий прокурор болох вий гэсэн хардлага байна?

-Тэрийг ёстой мэдэхгүй.

ШИНЭ МЭДЭЭ