Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар захирамжаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Г.Ганболд, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байгааг дурдаад Ажлын хэсэг байгуулагдсан цагаас хойш Бүгд Найрамдах Казахстан улс, Гүрж улсын парламентын гишүүд, холбогдох төрийн байгууллагын төлөөлөлтэй 3 удаагийн санал солилцох, туршлага судлах уулзалт хийж, Дэлхийн банкны төлөөлөлтэй 4 удаа, төрийн 27 байгуулагатай 46 удаагийн хурал, уулзалт, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй 5 удаагийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулахын зэрэгцээ дээрх байгууллагын төлөөлөл болон иргэн, аж ахуйн нэгжээс хуулийн төсөлд холбогдуулан гаргасан нийт 550 гаруй саналтай танилцаж, төсөлд холбогдох зарим саналыг тусгасныг онцлов.
Түүнчлэн тэрбээр, Ажлын хэсэг хуулийн төсөлтэй холбогдуулан гадаад улсын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтын судалгаа, мэргэжлийн байгууллагатай хамтран төсөлд холбогдох эрсдэлийн үнэлгээг тус тус гарган ажилласан. Ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын хугацаанд нийт 5 удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарах саналыг нэг бүрчлэн хэлэлцсэнийг тодотгосон.
Ажлын хэсгийн зүгээс дараах санал, дүгнэлтийг бэлтгэснийг Байнгын хороонд танилцууллаа.
Үүнд: Нэг.Хуулийн үйлчлэх хүрээ
-хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулах;
-хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх;
-Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулах.
Хоёр.Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим
-хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглох;
-төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн этгээд хариуцах;
-Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх;
-зөвшөөрөл эзэмшиж байгаатай нь холбогдуулан зөвшөөрөл эзэмшигчийн тодорхой эрхийн хязгаарлалтыг хуулиар тогтоох;
-зөвшөөрлийг шинээр бий болгоход тухайн үйл ажиллагааг төрөөс зохицуулах шаардлагатай эсэх, зөвшөөрөл нь зохицуулалтын зохистой арга хэрэгсэл мөн эсэх, зөвшөөрөл нь нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх эсэхэд судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;
-Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглох;
-зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглох.
Гурав.Зөвшөөрлийн ангилал
-зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай болон энгийн зөвшөөрөл гэж ангилах;
-Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгох;
-нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа, эсхүл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагаа, эсхүл газар, газрын хэвлий, түүний баялаг болон байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглуулахад энгийн зөвшөөрөл олгох.
Дөрөв.Зөвшөөрлийн хугацаа
-хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох;
-ашиг олох зорилгоор, эсхүл үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгох;
-дээрх зөвшөөрлөөс бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгох;
-хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөл авсаны үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагааны хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байх;
Тав.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд
-энэ хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрлийг олгох бөгөөд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвшөөрөл олгох бүрэн эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглох;
-өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахгүй байх;
-зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явцыг зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байлгах;
-хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох;
-зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах.
Зургаа.Зөвшөөрөл олгох эрх шилжүүлэх
-хуульд заасан тохиолдолд эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ төрийн холбогдох байгууллага, албан тушаалтан, эсхүл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан төрийн бус байгууллага, мөн нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болох талаар;
-эрх шилжүүлэн авсан этгээд Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлэх;
-зөвшөөрөл олгох эрхийг хууль бусаар шилжүүлсний улмаас бусдад учирсан хохирлыг тухайн эрх шилжүүлсэн этгээд хариуцах.
Долоо.Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах
-зөвшөөрөл хүссэн өргөдөл нь иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх;
-эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээрх эрхлэх нэмэлт зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлсэн баримт бичгийг дахин шаардахгүй байх;
-цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт гэж үзэх.
Найм.Зөвшөөрөл олгох
-зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 22 өдөр буюу хуанлийн 30 хоногийн дотор шийдвэрлэх;
-зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар шийдвэрлэх бөгөөд өргөдлийг шийдвэрлэх хүртэлх явцын мэдээллийг өргөдөл гаргагч иргэн, аж ахуйн нэгжид цахимаар танилцаж, хянах боломжийг олгох;
-зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжээс төрд байгаа мэдээллийг шаардахгүй бөгөөд төрийн байгууллага хоорондоо Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.13-т заасны дагуу мэдээллээ солилцох;
-зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг болон хуульд заасан шаардлагын дагуу нэмэлт магадлан шалгах ажиллагааны хугацааг дээрх ажлын 22 өдрийн дотор багтаан явуулах;
-хуулийн хугацаанд өргөдлийн хариуг шийдвэрлээгүй бол хугацаа дууссанаас хойш гурван хоногийн дотор энгийн зөвшөөрлийг олгох шийдвэрийг эрх бүхий этгээд гаргах үүргийг хүлээх;
-хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй нь холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болох.
Ес.Зөвшөөрлийн хугацааг сунгах
-зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 15 өдөр буюу хуанлийн 21 хоногийн дотор шийдвэрлэх;
-зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах талаарх мэдээллийг зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэх;
-зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг эрх бүхий этгээдэд гаргах;
-эрх бүхий этгээд зөвшөөрлийг анх авахад бүрдүүлж өгсөн материалыг иргэн, аж ахуйн нэгжээс дахин шаардахгүй байх;
-зөвшөөрөл эзэмшигч татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийн анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгах;
-хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасан, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа бол эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгах;
-эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцох.
Арав.Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт
-ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахад олгох зөвшөөрлийг дуудлага худалдаа, эсхүл сонгон шалгаруулалтын журмаар олгох;
-дээрх харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулах;
Арван нэг.Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан
-зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэр, зөвшөөрлийг худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн мэдээллийг агуулсан Зөвшөөрлийн нэгдсэн сантай байх;
-зөвшөөрлийн нэгдсэн санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан ажиллах.
Арван хоёр.Зөвшөөрлийн жагсаалт
-Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт 448 зөвшөөрөл, үүнээс 13 чиглэлийн 285 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 163 энгийн зөвшөөрөл туссан бөгөөд зөвшөөрлийн тоог дараах үндэслэл, шалтгаанаар бууруулсан.
Үүнд: Салбар хуулиар эрх аваагүй буюу эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр олгож буй зөвшөөрөл;
хуулиар давхардуулан олгож буй зөвшөөрөл;
Бүртгэлийн шинжтэй явагдах харилцаа зэрэг.
-2019 оноос хойш Улсын Их Хурлаас баталсан хуулиудад тусгасан зөвшөөрлийг төсөлд нэмж тусгах;
-дээрх үндэслэл, шаардлагын дагуу төсөлд нийт 358 зөвшөөрөл тусгасан бөгөөд үүнээс 14 чиглэлийн 245 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 113 энгийн зөвшөөрлийг тусгасан.
Арван гурав.Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах Зөвлөл
-зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, энэ хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллах;
-зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, 11 гишүүнээс бүрдэх бөгөөд Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэх;
-зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гүйцэтгэх;
-Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах;
-эрх бүхий этгээдээс олгож байгаа зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;
-зөвшөөрлийн тоог хязгаарлах, салбар хуулиар нэмэгдүүлэхгүй байх.
Арван дөрөв.Хууль хүчин төгөлдөр болох
- Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх.
Арван тав.Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн 45 хуулийн төслөөс 40 гаруй хуулийн төслийг Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн нэр томьёотой нийцүүлж жигдлэх зэрэг болно гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Цэрэнпунцаг, Ч.Xүрэлбаатар, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Ажлын хэсгээс бэлтгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.
Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо