МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Д.Өнөрболор: Хүнсний хангамж, аюулгүй байдалд хариуцлагагүй хандсанаас төрд болон олон нийтэд учирсан хохирол, өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг тооцдог байх ёстой

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,05,24/-ны өдрийн хуралдаанаар Хүнсний аюулгүй байдлыг хянах тогтолцоо,  зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн аудитын тайланг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

Хүнсний аюулгүй байдлыг хянах тогтолцоо,  зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн аудитын тайланг бид харлаа. Аудит бол үнэхээр олон жил угжирсан зөрчилтэй асуудлуудыг маш сайн гаргаж ирсэн байна. Хууль, бодлогоо батлаад байдаг боловч хэрэгжилтэн дээрээ унаж байгаа асуудал бий. Тухайлбал хангамж, хүртээмжийг зохицуулдаг, мөрддөг журам байхгүй. Журам байхгүй үед хүнсний аюулгүй байдлыг улсын хэмжээнд яаж зохицуулж байсан юм бэ? Энийг хэрэгжүүлэх засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ яаж биелүүлж байсан нь ойлгомжгүй байна. Үйлдвэрлэл эрхлэгчдийг хянадаг байгууллага өөр өөр стандарт, шаардлага тулгадаг нь харагдлаа. Ийм байхад хууль амьдрал дээр яаж хэрэгжих вэ? Салбар яам өнгөрсөн хугацаанд хариуцлагагүй ажилласан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн үр дүнг үзвэл 33 хувьтай гарсан байна. Хүнсний салбарт дэвшүүлсэн зорилтын хүрэх үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгаагүйгээс хэрэгжихгүй байгаа нь асуудал. Худалдааны бие даасан бүтэц байхгүйгээс мөн асуудлууд харагдаж байна. Төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, төрийн бодлогын залгамж чанар алдагдсан гээд удирдлага зохион байгуулалт дутагдалтай байна. Дараагийн асуудал бол хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, лаборатори гэж бий. Энэ лаборатори хүнсэн дэх  үлдэгдэл, цацраг, хүнд металын гээд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд шинжилж чадаж байна уу. Алтанбулаг суманд баригдаж буй хилийн мэргэжлийн хяналтын лаборатори 2016 оноос хойш өнөөдөр хүртэл ашиглалтад ороогүй байна. Үүнд суурилуулах 4,3 тэрбум төгрөгний өртөгтэй лабораторын тоног, төхөөрөмж ШУТИС-ийн агуулахад байгаа гэж ойлгосон. Энэ лаборатори ашиглалтад ороогүй байгаа нь ноцтой асуудал.

Мөн сав баглаа, боодлын үндэсний хөтөлбөр Аудитын танилцуулгатай зөрөөд байна. Үүнд 63 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн боловч гүйцэтгэл дээр нь 28 тэрбум төгрөг зарцуулсан гэж гарчээ.  Гэтэл стандарт нь 2010 оноос өмнөх стандартаар явсан байна. Энэ зөв үү, буруу юу. Түүнчлэн Мал эмнэлгийн ерөнхий газар 1,3 тэрбум төгрөгөөр малын бүртгэлийн апплейкшин хийсэн байна. Үүнд  үр дүнгүй, хэрэглэдэггүй гэсэн үнэлэлт, дүгнэлт өгчээ. Энэ мэт хариуцлагагүй байдлаас болоод алдагдсан төр, олон нийтийн хохирлын хэмжээний асуудлыг тооцдог байх ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ