МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.05.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан.

Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1, гурилан бүтээгдэхүүн 38.2, хүнсний ногоо 38.5, өндөг 48.6, цөцгийн тос 67.4, тахианы мах 98, ургамлын тос 98.5 хувь нь импортын хамааралтай байгаа аж. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг импортоор авч байна. Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа бол хүн амын хэрэгцээт жимс жимсгэний 23, ургамлын тосны 69, хүлэмжийн ногооны 41, элсэн чихрийн 41, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой аж. Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мянган га талбай дээр шинээр 479 мянган га талбай, усалгаатай 30 мянган га талбай дээр шинээр 33 мянган га талбайг эргэлтэд оруулж, жилд 1931 мянган тонн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.

Иймд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна.

Үүнд:тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар батлахаар, хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт даатгалын оновчтой тогтолцоог бий болгох, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгахаар тусгажээ.

Мөн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр, тухайлбал хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх, хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүнсний сүлжээний бүх шатанд хяналт баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгүй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан гэж төслийн танилцуулгад дурджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Г.Ганболд, Д.Өнөрболор, Ц.Туваан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал уламжлалт аж ахуйн хөгжлийг хангах, чанаржуулах, цаашлаад нутгийн шилмэл үүлдэр омгоор бэлчээрийн мал аж ахуйгаа сайжруулж, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх асуудлыг төсөлд тодорхой тусгах боломж бий эсэхийг тодруулахын зэрэгцээ хүнсний ногооны тариалалт, хүлэмжийн аж ахуйг механикжуулахад тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин малаа эрүүлжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалахад малын эмч болон бусад боловсон хүчин бэлтгэхэд онцгойлон анхаарах, малчдыг соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж, хүлэмжийн аж ахуйг 270 га, өвлийн хүлэмжийг 50 га-д хүргэх зорилтыг говийн бүс рүү чиглүүлэхийг хүсэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, малыг эрүүлжүүлэх, вакцинжуулахаас өмнө малын эм, тарианы чанарын асуудалд онцгой анхаарахын зэрэгцээ сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, урамшууллын асуудлыг орон нутагруу тэлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ жимс, жимсгэний бүтээгдэхүүний 2-хон хувийг дотооддоосоо бүрдүүлж, 98 хувийг импортоор хангаж байгаа тул үүнийг тогтоолын төсөлд хэрхэн тусгаж, зохицуулсан талаар тодруулж байв.

Ингээд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.0 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

ШИНЭ МЭДЭЭ