МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
2022.05.18
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах асуудлыг энэ оны нэгдүгээр сард УИХ-аар соёрхон батлуулсан. Үүнтэй холбогдуулан зургаан хуульд нэмэлт, өөрчлөлт орох асуудлыг хамт өргөн барьсан бөгөөд үүний нэг нь Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай юм. Дэлхийн дулааралд ихээхэн нөлөөтэй озон задалдаг бодис бус түүнийг орлох бодисыг барилгын хөргүүрийн системд ашиглах асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан аж.

Хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг озон задалдаг болон түүнийг орлох бодисыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид мэргэжлийн байгууллагаас эрх олгохтой холбоотой асуудлыг тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ