МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2022.05.17
Улстөр

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нараас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүдээс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурал 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар нар ажиллалаа.

Ажлын хэсэг хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт хуулийн төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүд болон Ажлын хэсгийн гишүүд, Монгол Улсын прокурорын ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон иргэдийн төлөөлөл оролцож, санал, шүүмж хэлсэн болно.

Ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан бөгөөд уг хуралд төсөл санаачлагч болон Монгол Улсын прокурорын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөллүүдийг оролцуулан хуулийн төсөлтэй холбогдуулан шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах талаар, төслийн нэр томьёог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэх зэрэг саналыг хэлэлцэж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэн томьёолсон гэж байлаа.

Дараа нь хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Хуралдааны төгсгөлд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Зөрчлийн хуулийн төсөл дээр төрийн хяналтын байгууллагуудын лоббиноос ангид, иргэдийн нүдээр харж ажиллахыг хүсэхийн зэрэгцээ Засгийн газрын өргөн барьсан төсөлд татварын байгууллагынхан өөрсдийнхөө зөрчлийг хяналтаас гаргасан байгааг анхаарч, татварын зөрчлийг төсөлд тусгах шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв.

Ингээд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжлээ

ШИНЭ МЭДЭЭ