МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.12
Барилга, Хот байгуулалт

Б.Энх-Амгалан: Ундны усны эх үүсвэрээ хамгаалахгүйгээр хотын иргэдийг цэвэр усаар хангана гэдэг боломжгүй

УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа юм. Гэхдээ бид стандартын шаардлага хэрэгцээ хангасан ундны болон ахуйн усаар хүн амаа хангана, бохир усыг татан зайлуулах ажлуудыг хийж, хүртээмжийг нэмэгдүүлнэ, баталгаатай ариун цэврийн байгууламжийг барина гэх тунхгийн шинжтэй юм яриад байдаг. Гэтэл нөгөө ус бохирдуулсан нь төлдөг зарчим хаачсан бэ?

Ахуйн бохирдлыг цэвэрлэдэг байгууламж руу чинь химийн бохирдол ороод байна. Улаанбаатарт байгаа олон рестораны аяга тавгаа угааж байгаа хүчтэй бодисууд, хими цэвэрлэгээ, ноос ноолуур угаах, арьс шир боловсруулах технологийн бохир усыг төв цэвэрлэх байгууламж руугаа хийдэг ээ хэзээ болих вэ? Үүнийгээ цэгцлээгүй байж, ариутгах татуурга хийнэ гээд байгаа нь үлгэр болчих гээд байна.

Ундны усны эх үүсвэрээ хамгаалахгүйгээр хотын иргэдийг цэвэр усаар хангана гэдэг боломжгүй. Ундны усны эх үүсвэр дээр шинээр барилгнын ажил эхэлчихсэн, аялал жуулчлалын бааз баригдсан байгаа. Үүнийг анхаараарай.

Барилга, хот байгуулалтын яамны зураг төсөл боловсруулах, захиалагчийн хяналт тавьдаг байгууллагуудын чинь хооронд асар их зөрчил байна. Тиймээс зургийн стандартаа боловсруулж, хуулийн дагуу шийдвэрлэдэг голдирол руу шилжих хэрэгтэй.

Стандартын шаардлага хангахгүй байгаа барилгуудыг хүлээгээд авчихдаг боллоо. Барилгууд шинээрээ байгаа хэр нь хүн суухын аргагүй болчихсон. Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй байна шүү.

ШИНЭ МЭДЭЭ