Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нарын 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төсөл санаачлагчийн танилцуулгыг Улсын Их Хурлын М.Оюунчимэг хийлээ.
Банк бус санхүүгийн салбарын хувьд эхний хагас жилийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 536 банк бус санхүүгийн байгууллага байгаа бөгөөд давхардсан тоогоор 21.486 хувьцаа эзэмшигчтэй, 308 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3.713 ажилтантайгаар 21 аймаг, 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Давхардсан тоогоор 3.3 сая харилцагч, 748.3 мянган зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Салбарын статистик үзүүлэлтүүд нь сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж нийт харилцагчдын тоо 119 хувиар, зээлдэгчдийн тоо 167.8 хувиар, нийт актив 121.5 хувиар, зээл 166 хувиар тус тус өсжээ.
Мөн Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил нь финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлогдох болсон. Банк бус санхүүгийн байгууллагын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу финтекийг өргөнөөр нэвтэрч байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжлийг бодлогоор дэмжин ажиллаж байгаа. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 22 банк бус санхүүгийн байгууллага дэвшилтэд технологид тулгуурлан аппликэйшн ашиглан зээл олгож байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, салбарын харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй болгох, төрөөс үзүүлж буй тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, салбарын хөгжлийн чиг хандлагыг олон улсын жишигт нийцүүлсэн хууль эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул уг хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль нь анх зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдахаас өмнө 2002 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан бөгөөд батлагдсанаас хойш нийт 9 удаа бусад хууль тогтоомжийн нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт орсон байжээ.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар,
1. ББСБ нь олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэнэ
2. Салбарын оролцогчдыг чадавхжуулж, төрөлжсөн институт болно
3. Финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх орчин бий болно
4. Компанийн засаглалын ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт бий болно
5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжирна
6. Зохицуулагч байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн хяналт шалгалт хийх эрх орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө