МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.10
Эрүүл мэнд

Д.Батлут: УИХ-аас эрүүл мэндийн салбарыг дэмжсэн бодлого гаргасан ч хэрэгжихгүй байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022.05.10/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

УИХ-д сайн судалж, хэлэлцээд Эрүүл мэндийн салбараа дэмжсэн сайн шийдвэр гаргаж байгаа ч хэрэгжих шатандаа доголдол үүсээд байна. Гүйцэтгэлийн санхүүжилт, анхан шатны эмнэлгийн хувьсах зардлууд нь юу болж байгаа вэ? Эрүүл мэндийн сайд нийгмийн нөхцөл байдлаа зөв судлаад, хурдтай ажиллах хэрэгтэй байна. Хэрвээ ингэж ажиллаж чадахгүй бол ажил хаях, жагсаал цуглаан үүсэх эрсдэлтэй.

Засгийн газрын 01, 03 дугаар тогтоолтой холбоотой асуулт байна. Тойрогтоо ажиллаж байхад 01 дүгээр тогтоолтой холбоотой хувийн хэвшлийнхэн сэтгэл дундуур байна. Нэгдүгээрт, 01 дүгээр тогтоолоор өмнөх 03 дугаар тогтоолд заасан суурь тарифуудыг нэмэгдүүлсэн атлаа үйлчилгээний өртгийн жинг зарим зүйлд бууруулсан байна. Яагаад өртгийн жинг бууруулсан бэ?

01 дүгээр тогтоолоор нийт зардлын эзлэх хувь иргэдээс авах төлбөр 10-30 хувь нэмэгдсэн гэж байна. Ямар үйлчилгээн дээр хэрхэн нэмэгдсэн бэ?

Сардаа 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн 450 мянгаар нүдэндээ хагалгаа хийлгэвэл яаж амьдрах вэ? Шаардлагатай эмчилгээний нэр төрлийг хассан нь буруу. Үүнийг яаралтай анхаарах хэрэгтэй.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ