http 104

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсов
2022.05.05
Улстөр

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсов

Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсгийн удирдамжийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нар ажиллаж буй юм. Ажлын хэсэг хүүхдийн эрх, хүүхдийн хөгжил, хамгааллын 2020-2022 оны үйл ажиллагаанд долоон чиглэлээр хяналт шалгалт хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох дүрэм журам хэрэгжиж эхэлснээс хойшхи үйл ажиллагааг хамрах юм.

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан.

Танилцуулгадаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Улсын Их Хурлаас томилогдсон Засгийн газар, даатгуулагч, ажил олгогч гурван талыг төлөөлсөн тус бүр гурав, нийт есөн гишүүнтэй гээд тус зөвлөл 2021 онд есөн удаа хуралдаж, холбогдох асуудлыг хэлэлцэн, 24 тогтоол баталсан. Тухайлбал, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох тухай, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллын хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тогтоох тухай, Нэрийн дансны 2021 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай гэсэн нийтээр заавал дагаж мөрдүүлэх таван тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн… Капитал банкны Нийгмийн даатгалын санд төлөх төлбөрийг барагдуулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, дөрвөн тогтоол гарган, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан гээд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланд шинжилгээ хийсэн талаар гишүүдэд бичгээр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны “Системчилсэн үнэлгээ хийх тухай” 05 дугаар тогтоолын дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланд Улсын Их Хурлын Тамгын газраас дүн шинжилгээ хийсэн бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь хуулиар олгосон чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын Их Хурал, Засгийн газраас үүрэг, чиглэл болгосон тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар, Байгууллагын үйл ажиллагаандаа системчилсэн үнэлгээ хийсэн эсэх асуудлыг хамруулан гүйцэтгэсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Д.Батлут, Б.Пүрэвдорж, Ц.Идэрбат, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, сангийн хөрөнгийг хадгалж буй байдал, Нийгмийн даатгалын сангийн Капитал банканд байршуулсан хадгаламжийн хөрөнгийг холбогдох яам, агентлагийн төсвийн эрх захирагч нар шийдвэртэй арга хэмжээ авч буцаан авах талаар болон Чингис хаан банкны авлагатай холбоотой тодруулсан. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Үндэсний аудитын газраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланд аудит хийгээд хязгаарлалттай дүгнэлт гарсан байна. Хуулиар хязгаарлалттай дүгнэлт авах юм бол хариуцлага хүлээдэг. Үүн дээр хэн, ямар хариуцлага, хүлээх вэ гэдгийг тодруулж, хариулт авлаа.

Мөн олон акт, албан шаардлага, зөвлөмжүүд, өндөр дүнтэй дүгнэлтүүдийн 90 хувь нь банктай холбоотой буюу Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгийг банкуудад байршуулаад авч чаддаггүй асуудлууд байна. Эдгээр банкуудаас хамгийн том нь Капитал банкны 104 тэрбум төгрөгийн авлага 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 73.9 тэрбумын үлдэгдэлтэй байна. 46 үл хөдлөх хөрөнгийг 22.1 тэрбум төгрөгөөр үнэлэн авчээ.

Үүнээс 30 үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлж аваагүй гэж Аудитын тайланд дурьдсан байна гээд яагаад нэр шилжүүлж аваагүй вэ гэдгийг, мөн Чингис хаан банкны авлага 2021 онд 35 тэрбум төгрөгөөр 12 сарын хугацаатай, сар бүр төлөх хуваарь гарсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Үүн дээр хариуцлага тооцсон уу. Бусад банкнуудаас 5.4 тэрбум төгрөгийн авлага өнөөдрийг хүртэл хуримтлагдсан байна. Үүнийг хэрхэн авах вэ гэдгийг тодруулж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа болон тус зөвлөлийн гишүүд хариулт өгөв.

Тайланг сонссоноор Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Улсын Их Хурал, Засгийн газраас Сангуудийн үйл ажиллагааг хумих, үр дүнтэй байлгах чиглэл барьж буй учир үйл ажиллагаа хуульд нийцүүлэн сайжруулахыг чиглэл болгов.

ШИНЭ МЭДЭЭ