МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2022.04.29
Эдийн засаг, Худалдаа

2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга бэлтгэх;” гэж заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаас гарсан зарчмын зөрүүтэй нэг саналыг хэлэлцэв.

“Гадаадын зээл тусламжийн ашиглалтын зардлыг 16,400.2 сая төгрөгөөр бууруулсантай холбоотойгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн нэгдүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлтийн 7-д заасан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд “4 их наяд 280.3 тэрбум төгрөг” гэснийг “4 их наяд 296.3 тэрбум төгрөг” гэж өөрчлөх” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулна.

ШИНЭ МЭДЭЭ