МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Д.Өнөрболор: Засаглалын хувьд жижиг, дунд үйлдвэрлэл үнэхээр бэхжээгүй болох нь харагдаж байна

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022,04,27/-ны өдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгосон санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд улсын төсвөөс 2010-2020 онд 822 тэрбум төгрөг, 2006,2011 онуудад Япон улсын Засгийн газраас 75 сая доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг, нийт 1 их наяд төгрөгийн хөнгөлттэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлд олгосон байна. Энэ бол цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд хангалттай хөгжих боломжтой харагдаж байгаа юм.

Судалгаанаас үзэхэд нэг зээлийн дундаж хэмжээ 131 тэрбум төгрөг гэсэн байна. Өнөөдөр энэ зээлийн үр дүн хэрхэн гарсан байгаа вэ? Ийм их хөрөнгө мөнгө зарцуулчихаад өнөөдөр бодитой үр дүн гараагүй байгаа нь маш харамсалтай байна. Эдгээр олгосон зээлүүдэд эргээд хяналт тавьдаг тогтолцоо манайд байдаг уу?

Япон, Солонгос зэрэг улсууд манай улстай адил маш хүнд нөхцөл байдалтай байхдаа л  өөрсдийнхөө бүтээсэн бүхнийг экспортод гаргах, дэлхийн зах зээлд нийлүүлэгдэх ёстой гэсэн амбицийг зорилгоо болгож, төр засаг, бизнесийн байгууллага, иргэн бүрийн зорилго болж зүтгэсээр өнөөдрийн өндөр хөгжилд хүрч чадсан. Манай улс яагаад энэ жишгээр хөгжиж чадахгүй байна вэ?

Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд яг одоо хэдэн төгрөгийн эх үүсвэр байна вэ? Нийт зээлийн хэмжээ болон хэвийн зээл нь хэд байгаа вэ? Мөн анхаарах шаардлагатай болон эрсдэлтэй зээл болон ойрын 2 жилийн хугацаанд эргэн төлөгдөх зээлийн хэмжээ хэд байгаа вэ?

Засаглалын хувьд жижиг, дунд үйлдвэрлэл үнэхээр бэхжээгүй болох нь харагдаж байна. Бүтцийн хувьд корпорацийн хэлбэрт шилжсэнээр яг ямар үр дүнд хүрэх төсөөлөлтэй байгаа вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ