http 103
"Органик хүнс, хөдөө аж ахуй эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2022.04.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

"Органик хүнс, хөдөө аж ахуй эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Органик хүнс, хөдөө аж ахуй эрх зүйн орчныг сайжруулах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр (2022.04.27) Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Т.Аубакир, Т.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа болон холбогдох салбарын төлөөлөл оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад Органик хүнсний тухай хууль 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр анх батлагдаж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснийг онцлоод тус хуулиар хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулсаар дөрвөн жил болсныг тодотгов.

Мөн тэрээр, дэлхийн ихэнх улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөвлөлтөд органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал байр суурь эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн арга технологи шинэчлэгдэж, хүнсийг органик байдлаар хэрэглэх хандлага улам нэмэгдэж байна. Улмаар органик бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь жил ирэх тутам өссөөр байгаа тул хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн.

Түүнчлэн Монгол Улс Органик хүнсний тухай тусгайлсан хуультай ч дэлхий дахины чиг хандлагад нийцүүлэн органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортын бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх үүднээс холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, органик хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шаардлагатай байгааг онцолж байлаа.

Дараа нь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа үг хэлсэн. Тэрбээр, Монголын ард түмэн сүүлийн жилүүдэд органик бүтээгдэхүүний хэрэглээндээ анхаарч бусад улс оронтой туршлага солилцож, хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг “Монгол Улсын органик хүнс, хөдөө аж ахуй салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагын Монгол ногоо төслийн менежер Б.Алтанцэцэг “Ажлын хэсэг, төлөвлөсөн үйл ажиллагааны зохион байгуулалт ба хүлээгдэж буй үр дүн”-гийн талаар тус тус танилцуулга хийв.

Хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал солилцож, байр сууриа илэрхийллээ

ШИНЭ МЭДЭЭ