2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.26) хуралдаан 15 цаг 40 минутад гишүүдийн 52,6 хувийн иртэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварт цар тахлын тархалт 2022 он гарснаар эргэн идэвхжиж, үүнтэй зэрэгцэн ОХУ болон Украин улсын хооронд нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсад эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлж буй учир 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байгааг тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төрийн хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө гэв.
Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгасныг онцолсон юм.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоохоор төлөвлөсөн байна. Мөн нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ гэдгийг З.Мэндсайхан сайд танилцуулгадаа дурдсан.
Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Ц.Даваасүрэн, Н.Ганибал, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Т.Доржханд, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн төрийн өмчит 36 аж ахуйн нэгжийг хувьчлах жагсаалтад эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компаниудыг оруулсан шалтгаан болон төрийн хэмнэлтийг хийхдээ салбар салбараар нь яам байгуулдгийг цөөлж, нэгтгэх чиглэлээр ажилласан талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал хонь, үхрийн дулааны аргаар боловсруулсан махыг хилээр нэвтрүүлэхээр болсонтой холбогдуулан тээвэр, логистикийн асуудлыг шийдсэн болон хилийн боомтуудыг хэзээ нээх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төсвийн бодлого нь мөнгөний бодлоготойгоо хэр нийцэж байгаа болон төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг тодруулж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа 2022 оны төсвийн тодотголын хүрээнд эрчим хүчний салбарыг хүнд байдлаас гаргахад шаардлагатай төсөв, санхүүгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, улмаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” хэзээ ашиглалтад орох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аж ахуйн нэгж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хүнс хөдөө аж ахуйн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хассан шалтгаан, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл төсвийн тодотголын төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг оруулж ирэх боломж байсан эсэхийг лавласан.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд төсвийн ерөнхий үзүүлэлт сайжирсан эсэх, хувьчлах төрийн өмчит компаниудын жагсаалтад үр ашиг багатай аж ахуйн нэгжүүдийг бус “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой” ХК зэрэг томоохон компаниудыг оруулж ирээгүй шалтгаан, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл”-ийг хятадын арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлэхээр сонгосон талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төсвийн тодотгол хийснээр валютын ханш, инфляцийн түвшин тогтворжиж, бодит үр дүн гарах эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд алт, зэс, төмрийн хүдрийг яг хэдэн тонныг экспорлох талаар Ажлын хэсгээс тодруулж, хариулт авсан.
Гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.