http 103
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонслоо
2022.04.19
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонслоо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.19) хуралдаан 15 цаг 09 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Ус ашиглалт болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Г.Ганболд, Б.Бейсен, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд тогтоолын төсөлд ус бохирдуулагч томоохон аж ахуйн нэгжүүдийг нэр зааж оруулах шаардлагатай гэсэн санал гаргасан бөгөөд Байнгын хорооны тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн.

Тогтоолын төсөлд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг заалт бүрээр гаргах, тус хуулийг дагаж гарсан журам, аргачлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийхээр тусгасан байв. Мөн хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Ус бохирдуулсны төлбөр, нөхөн төлбөрийг бүрдүүлэх, тайлагналт, эргэн зарцуулах механизмыг хэрэгжүүлэх, ус бохирдуулагч аж ахуйн нэгж, байгуулагын төлбөр төлөлтөд дүн шинжилгээ хийх, барагдуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох шуурхай байдлыг хангах болон Харгиа болон Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, Туул гол орчмын бохирдолтой газар дээр нь танилцах, Ус бохирдуулагч томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, холбогдох яам, агентлагийнхантай уулзах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байлаа.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар салбарын сайд мэдээлэл хийв

Хуралдаан Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэдээллээр үргэлжилсэн.

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж Атрын IV аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлүүлэн ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлоод энэ онд 386.0 мянган га-д үр тариа, үүнээс 363.0 мянган га-д улаанбуудай, 70.0 мянган га-д малын тэжээл, 66.0 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12.0 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 560.0 мянган га–д тариалалт хийж, 340.0 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байгааг дурдав.

Мөн тэрбээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн салбарт нийтдээ 190.0 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна. 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 45.3 мянган тонн хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд уг буудайг хүлээн авах ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар 1800 тонн буудай хүлээн аваад байгааг тодотгосон.

Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаар тогтоолоор хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, эхний ээлжинд ил талбайн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор зах зээлд борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох, тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр импортоор болон дотоодоос худалдан авч буй төмс, хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх, өвлийн улиралд хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хугацаа, цагийн хамааралтайгаар 1 м талбайд 0768 квт/цагаар хөнгөлөх шийдвэрийг тус тус гаргуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна гэв.

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, хангамжийг тогтворжуулах” иж бүрэн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд шаардагдах үр, суулгац, техник тоног төхөөрөмж, хүлэмж, усалгаатай талбайн хэмжээ, зоорь агуулах, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг нийт орцуудын зардлын тооцоо, судалгааг гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад газар тариалангийн салбарт улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр явагдах худалдан авах болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хугацаандаа хэвийн үргэлжилж байгаа хэдий боловч давагдашгүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсч болзошгүй байгааг анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг онцлов.

Цаашид анхаарах шаардлагатай тулгамдсан асуудлуудын талаар З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд импортоор нийлүүлэгдэх үр тариа, тос, тэжээлийн болон хүнсний ногооны үр, эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн хугацаанд буюу 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 05-ны дотор, техник тоног төхөөрөмжийг 5-6 дугаар саруудад багтаан хилийн боомтуудаар нэвтрүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,

-Стратегийн таримал болох улаанбуудайн тариалалт, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор тухайн жилийн ургацаас хэрэгцээт улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ХХААХҮ-ийн Сайдын багцад тусгаж, улмаар сан бүрдүүлж жил бүрийн ургацаас хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх,

-Дилер аж ахуйн нэгжүүд, арилжааны банкуудын идэвхитэй оролцоо, санаачлагад тулгуурлан төрөөс урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах, хүүгийн төлбөрийн зөрүүг төлөх зэрэг санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар газар тариалангийн техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж байлаа.

Мөн тэрбээр, хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн ажил арга хэмжээнүүд технологийн хугацаанд явагдаж байгаа хэдий ч импортын орцуудын хувьд давагдашгүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсч болзошгүй байгааг анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдсан.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Г.Ганболд, Б.Саранчимэг, Ш.Адьшаа нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир өнгөрсөн хугацаанд улаанбуудайн тариалалтыг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилтыг олон жил тавьж, ярьсаар ирсэн. Тиймээс цаашдаа тариалангийн талбайгаа нэмэгдүүлэхээс эхлээд улаанбуудайгаа экспортлох хүртлэх зорилтыг тавьж энэ салбарт томоохон өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн салбарт 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийг олгох болсон нь чамлахаар мөнгө биш. Хамгийн гол нь арилжааны банкуудаар дамжуулан олгох зээл нь газар тариалан эрхэлдэг жинхэнэ эзэддээ хүргэхэд онцгойлон анхаарч ажиллахыг салбарын яамныханд анхааруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, усалгаатай тариалалтын дотор хүнсний ногооны бус тариалалт эрхлэх асуудал байгаа тул үүнийг шалгаж, шахаж гаргах асуудалд хяналт тавих, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хүнсний ногооны тариалалтаас гадна стандартын зоорь, агуулах барих аж ахуйн нэгж, иргэдэд салбарын яамны зүгээс дэмжлэг үзүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Засгийн газраас анх удаа хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох болсонтой холбогдуулан хүнсний ногоо талбайгаасаа шууд хэрэглэгчдэд хүрдэг тул хаврын тариалалтын үеэр талбайн хэмжээнд холбогдох байгууллагууд хяналт шалгалтаа сайн тавьж ажиллахыг тус тус анхааруулж байлаа.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын биелэлтийн явцтай танилцлаа

Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын биелэлтийн явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэдээллийг сонсов.

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын Хорооны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар тогтоолоор тус Байнгын Хорооны 2021 оны 11 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн тайланг хэлэлцээд нийт 11 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон. Эдгээр арга хэмжээний биелэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны байдлаар гаргаж үнэлгээ хийхэд 2 арга хэмжээ бүрэн биелсэн, 3 арга хэмжээ 70-90 хувьтай, 5 арга хэмжээ 50-60 хувьтай, 1 арга хэмжээ 30 хувийн хэрэгжилттэй, тасарсан болон төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлж эхлээгүй арга хэмжээ байхгүй байна. Биелэлт нь дунджаар 66.4 хувьтай байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Тэрбээр зарим арга хэмжээний үр дүнгээс дурдлаа.

“Стратегийн таримал болох улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих, тогтворжуулах, эрсдэлээс хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах” арга хэмжээний хүрээнд 2022 онд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай тариалж, 504.0 мянган тонн улаанбуудай хураан авахаар төлөвлөсөн. Мөн тариалангийн нийт талбайн 10 хувьд ойн зурвас байгуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 21,8 мянган км тариалангийн талбайд салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор 100 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна. Тариалангийн талбайг хашаажуулах санхүүжилтийг 2023 оны төсөвт суулгахаар төлөвлөөд байгаа аж. Хөдөө аж ахуйг дэмжих сангаар үр тарианы үйлдвэрлэлд 16.5 мянган тонн үрийн буудай, 10.0 мянган литр үр ариутгалын бодис, 7.8 мянган литр хог ургамалтай тэмцэх, 80.0 мянган литр уринш боловсруулах, 4.0 мянган литр таримлын өвчин, хортон шавжтай тэмцэх, 17.4 мянган тн төмс, хүлэмж, жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан ургамал хамгааллын бодис, 583.7 тн бордоог тус тус хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу зээлээр олгон дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаар 2021 оны ургацаас борлуулагдаагүй буудайг худалдан авч нөөц бүрдүүлэх тухай шийдвэр гаргуулж стандартын шаардлага хангаж буй 45.3 мянган тонн хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих санд нийт 3407 тонн хүнсний улаан буудай хүлээн авснаас Сэлэнгэ салбар 834,8 тонн, Хөтөл салбар 361 тонн, Угтаал салбар 2100 тонн, Булган салбар 111,5 тонн хүлээн аваад байна. Улаанбуудайн үрийн чанарыг сайжруулах зорилгоор Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран улсын төсвийн 260.0 сая төгрөгийн санхүүжилтээр “Шинэ сортын улаанбуудайн супер элит үр гаргах” зөвлөх үйлчилгээний тендерийг зарлан хэлэлцээр хийж байна. Тус зөвлөх үйлчилгээгээр 56 тонн улаанбуудайн супер элит үр үржүүлэх, нөөц бүрдүүлнэ гэж байлаа.

“Эрэлтэд суурилсан хүнсний ногооны үйлдвэрлэлийн бодлогыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны дотор боловсруулж танилцуулах” арга хэмжээний хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг хангах, ногоо тариалагчдын борлуулалтыг дэмжих, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай ”Засгийн газрын 2022 оны 118 дугаар тогтоолыг баталж дор дурдсан бодлогын дэмжлэгийг хүнсний ногооны нийт үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэхээр болсон.

Үүнд:-Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох;

-Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлж олгох;

-2018 оны 324 дүгээр тогтоолоор баталсан “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын 2 дахь заалтын “11 дүгээр сарын 1-нээс” гэснийг “10 дугаар сарын 15-наас” гэж, “22:00 цагаас” гэснийг “18:00 цагаас” гэж тус тус өөрчилж, өвлийн хүлэмжийн аж ахуйд цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаа хугацааг уртасгах зэрэг болно гэдгийг З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ онцолсон.

“Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, таримлын зохистой сэлгээг сонгон нэвтрүүлж, малын тэжээл болон бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, рапсын тариалалтыг нийт тариалсан талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” арга хэмжээний хүрээнд Таримлын зохистой сэлгээг сонгон нэвтрүүлэх, сэлгээн дэх таримлын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ онд 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Сэлгээн дэх тосны таримал болох рапсын тариалалтыг нийт тариалсан үр тарианы талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй байхаар аж ахуйн нэгж, иргэдтэй байгуулах газар эзэмших гэрээнд тусгаж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлийг аймгийн Засаг дарга нарт хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Тариалалтад зориулан 250.0 сая төгрөгийн санхүүжилтээр 35.5 тонн тослог ургамлын үрийг авахаар тендерийн шалгаруулалтыг зарлаж хаврын тариалалтаас өмнө нийлүүлэлтийг зохион байгуулахаар ажиллаж байна гэв.

“Газар тариалангийн зориулалттай техник, усалгааны тоног төхөөрөмжийн шинэчлэлд санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх;” арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Беларус Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 6.0 сая еврогоор тэжээл бэлтгэх 445 нэгж техникийг нийлүүлэхээр гэрээ байгуулж, гэрээг хэрэгжүүлэх шаардлагатай баримт бичгүүдийг Сангийн яаманд хүргүүлээд байна. ОХУ-ын Засгийн газрын 10.0 сая ам долларын эх үүсвэрээр үр тарианы комбайн, трактор, хөдөө аж ахуйн машин нийлүүлэхээр захиалгаа өгсөн. Дээрх техникүүдийг нийлүүлэхэд Ди Би Эм лизингийн компани, Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан санхүү түрээсийн үйлчилгээ үзүүлэх замаар борлуулахаар төлөвлөөд байгаагаа салбарын сайд мэдээлэлдээн онцолсон.

Мөн тэрбээр, “Хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дотооддоо бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлээр Алтан ширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэргэд азотын бордооны, Эрдэнэт үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэрийг түшиглэн фосфорын бордооны үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах;” арга хэмжээний хүрээнд хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор одоо ажиллаж буй бордооны үйлдвэрүүдийн хүчин чадал, үйлдвэрлэж буй бордооны тоо хэмжээг гаргах, дотоодын хэрэгцээг тодорхойлох болон импортоор орж ирж буй бордооны талаар нэгдсэн судалгааг гүйцэтгэлээ. Одоогийн байдлаар 10 орчим бордооны үйлдвэр ажиллаж жилд 10.0 мянган тн бордоог үйлдвэрлэж байгаагийн ихэнх хувь нь төмс, хүнсний ногоо, нөхөн сэргээлтэд хэрэглэгдэж байна. Манай орны нийт тариалангийн талбайн 90 гаруй хувийг эзлэх үр тариа, тэжээл, тосны таримлын талбайд шаардагдах бордооны нэр төрөл тоо хэмжээ хангалтгүй гэсэн судалгааг гаргасан гэдгийг тодотгоод Алтан ширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэргэд азотын бордооны, Эрдэнэт үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэрийг түшиглэн фосфорын бордооны үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах санхжүүжилтийг 2023 оны төсөвт суулган ТЭЗҮ-ийг зарлахаар төлөвлөн ажиллаж байна гэв.

“...Нийслэл хот, говийн бүсийн болон хүн ам төвлөрсөн томоохон суурин газруудыг түшиглэн өвөл, зуны хүлэмжийн цогцолбор аж ахуй, хадгалалт борлуулалтын цогцолбор төв байгуулахад урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, хүлэмжинд хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтийн цагийн хугацааг уртасгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хүлэмжийн аж ахуйд өвлийн улиралд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 11 сарын 01-нээс 05 сарын 01 хүртэл оройн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл 1 м2 талбайд 0768/кв.цагаар хөнгөлж байсныг 10 дугаар сарын 15-наас эхлэн 05 сарын 01 хүртэл оройн 18 цагаас өглөөний 06 хүртэл болгож хөнгөлөлтийн хугацааг уртасгаснаар хүлэмжийн нэгжийн ургац нэмэгдэх, өвлийн хүлэмжийн аж ахуй хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлэв. Улаанбаатар хот, Дархан-Уул, Өмнөговь аймагт 5 байршилд нийт 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах ТЭЗҮ боловсруулах ажлыг гүйцэтгүүлэн тайланг хүлээн авч хэлэлцүүлж байна. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Ганболд нар асуулт асууж, санал хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ