МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Д.Өнөрболор: Тариаланчдад зориулж дизель түлшний үнийг хэрхэн зохицуулах вэ?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022.04.19/-ний өдрийн хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Өнгөрсөн долоо хоногт тариаланчдын чуулганы үеэр асуудлуудыг тал бүрээс ярилцсан. Гэхдээ бодлого, хэрэгжилт хоёр хөрсөн дээр хэрхэн хэрэгжиж, уялдаа холбоо нь яаж бий болж байгаа талаар асуултууд байна.

Тариалангийн нийт зардлын 60-70 хувь нь гаднаас хамааралтай байдаг. Нийт зардлын 40 орчим хувийг дизель эзэлдэг. Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хуулийн хүрээнд Засгийн газраас өргөн хэрэглээний 92 шатахууны үнийг тогтворжуулна гэж Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлаад байгаа. Тэгэхээр тариаланчдад зориулж дизель түлшний зардалд ямар бодлогын дэмжлэг үзүүлэхээр зохицуулалт хийж байгаа вэ?

Хоёрдугаарт зардлын өсөлтүүдтэй холбоотойгоор ирэх намрын улаан буудайн үнийн тооцоолол хийгдсэн үү? Үнийг тогтворжуулах чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

Засгийн газар анх удаа хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2 жилийн хугацаатай зээл олгох асуудлыг шийдсэн. Амьдрал дээр ногоочид банкны барьцааны шалгуурыг давахад маш хүнд байна. Батлан даалтын сантай уялдуулж санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжыг төлөвлөлт, бодлогодоо оруулж шийдвэрлэж өгөх үү?

Нөгөөтэйгүүр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Мандал сумдад зоорийн хүлэмж байгуулахаар баталсан. Энэ ажил эхэлсэн үү? Ямар шатандаа явж байгаа вэ? Яг энэ хямралтай цаг үед хүнсний хангамжийг нэмэгдүүлэх нь маш чухал асуудал байгаа учраас энэ асуудлыг орхигдуулж болохгүй гэж бодож байна.

Түүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ