МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлалаа
2022.04.13
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлалаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.13) хуралдаан гишүүдийн ирц 52.6 хувьд хүрснээр эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.

    Хуралдаан Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулав. 

    Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төсөлд Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгасан байна. 

ШИНЭ МЭДЭЭ