МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэнгүй
2022.04.13
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэнгүй

Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Зээлийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”-ыг Азийн хөгжлийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн II үе шатны хүрээнд Монгол Улсын баруун бүсэд орон нутгийн иргэдэд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох, соёлын өв бүхий газар тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасныг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, төслийн санхүүжилтийг зөв зарцуулахын тулд хувийн хэвшлийнхний дунд төслийн шалгаруулалтыг явуулж, зээлийг нь төлүүлэх зохицуулалт хийх саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, эдийн засгаа тэлэх, сэргээх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг дэмжих шаардлагатай. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, иргэд орлоготой болох, цаашлаад ариун цэврийн байгууламж барих, дэд бүтэц зэрэг агуулгыг төсөлд тусгасныг дэмжиж байгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа аялал жуулчлалаар дамжуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийг тодорхой хэмжээгээр дэмжих асуудалд төрийн бодлого зайлшгүй шаардлагатай тул зээлийн хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь эсрэг саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, өнгөрсөнд Монгол Улсын авсан зээл багадаагүйг тодотгоод улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед өр, төлбөрийг 100 тэрбум төгрөгөөр ч болтугай нэмэхгүй байх үүднээс зээлийн төслийг дэмжихгүй гэв. Ер нь гишүүдийн зүгээс төслийн I үе шатны үр дүн сул, нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цаг үед төслийн II шатыг эхлүүлэх шаардлага байгаа эсэхийг илүүтэй хөндсөн.

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болсон.

ШИНЭ МЭДЭЭ