МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг тэргүүтэй ажлын хэсэг Дорноговь аймгийн улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй газруудад ажиллалаа
2022.04.12
Байгаль Орчин, Аялал жуулчлал

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг тэргүүтэй ажлын хэсэг Дорноговь аймгийн улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй газруудад ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 09-ний өдөр Дорноговь аймагт ажиллаж, шинээр улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн асуудлаар аймаг, сумын удирдлагууд, байгаль орчны асуудал хариуцсан ажилтнуудтай цахим уулзалт хийлээ.

Дорноговь аймгийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 15 байгаа бол аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг 26, сумын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 67 байна. Аймгийн нийт газар нутгийн 32.6 хувь нь тусгай хамгаалалттай газар нутаг буй бөгөөд энэ хэмжээ урьд жилүүдийнхээс 1.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж аймгийн БОАЖГ-ын дарга Д.Сүрэн танилцуулав.

Цаашид түүх дурсгал, соёл археологийн хийгээд байгалийн гайхамшигтай, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад авах бодлого баримталж ажиллана хэмээн орон нутгаас онцлов.

Дорноговь аймагт 53 зүйлийн хөхтөн амьтан байршин амьдардаг нь Монгол орны нийт хөхтний 38.4 хувь болно. Тус аймагт бүртгэгдсэн хөхтний 6 зүйл тутмын 1 нь Засгийн газрын тогтоолоор “ховор” гэж үнэлэгдсэн, 6 зүйл тутмын 1 нь Монгол улсын “Улаан ном”-нд тэмдэглэгдсэн, 9 зүйл тутмын 1 нь Ховор амьтан ургамлын зүйлүүдийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын (CITES) жагсаалтад, 13 зүйл тутмын 1 нь Нүүдлийн зүйлүүдийн тухай конвенцын (CMS) жагсаалтад тус тус бүртгэгдсэн байна. Тус аймгийн хөхтний нийт зүйлүүдийн 28.3 хувь нь ховордлын зэрэгт бүртгэгдсэн.

Аргаль хонины тархац нутгийн 44 хувь, янгир ямааны тархац нутгийн 66.6 хувь, хар сүүлтийн зээрийн тархац нутгийн 53.8 хувь, хулан адууны тархац нутгийн 50 хувийг тус тус улс болон орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Тус аймгийн тухайд тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэсэн Даланжаргалан сумын “Их нартын байгалийн нөөц газар”-ын тусгай сонирхлын аялал жуулчлал, Хамарын хийд, хүслийн уулын шашин мөргөлийн аялал, Эрдэнэ сумын Бүрдэнэ булгийн амралт сувиллын аялал гэсэн аялал жуулчлалын гурван бүстэй.

Хамарын хийд орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах ангиллын талаар санал солилцлоо

Дорноговь аймгийн ИТХ-ын 2020 оны 13/09 дүгээр тогтоолоор “Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-г баталжээ. Уг төлөвлөгөөнд шашин, соёл, хил орчмын, эдийн засгийн тэнхлэгт суурилсан, говийн бүсийн нэн ховор, ховордсон биологийн төрөл зүйлийг ажиглах, авто кросс болон адал явдалт авто аялал, Боржигин ахуй соёл, нүүдлийн уламжлал, түүх, археологи, палеонтологийн нөөц газруудад түшиглэсэн эрдэм шинжилгээ судалгаа гэсэн долоон чиглэлийг тусгасан байна.

Дээрх чиглэлийн дагуу аймгийн ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/12 тогтоолоор нийт 100671.37 га талбайг “байгалийн дурсгалт газар”-ын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг БОАЖЯ-д хүргүүлжээ. Ингэхдээ Хамарын хийд орчмын газар нутгийг А, Б гэсэн хоёр хэсэгт хуваахаар тооцсон. А хэсэгт Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сумдын 64413.59 га газар, Б хэсэгт Сайншанд, Сайхандулаан сумдын 36257.78 га газрыг тус тус багтаахаар саналдаа тусгажээ.

Хамарын хийдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамгаалалтын менежментийг хэрхэн төлөвлөн хэрэгжүүлэх, тус бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, аялах, дамжин өнгөрөхөд нийтээр дагаж мөрдөх журмын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, журмыг 2 дугаар улиралд багтаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байгааг аймгийн Засаг даргын орлогч Г.Март дурдлаа. Мөн улсын тусгай хамгаалалтад авах холбогдох шийдвэр гарвал хэрэгжүүлэх ажлын урьдчилсан төлөвлөгөөг гаргасан гэв.

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар тушаалаар “Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа” ОНӨААТҮГ байгуулагдаж, аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/41 дүгээр захирамжаар 17 хүний бүтэц орон тоотойгоор батлагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Орон нутгийн удирдлагаас Хамарын хийд орчмыг байгалийн дурсгалт газрын ангилалд оруулах санал гаргасан бол Д.Данзанравжаагийн музейн захирал, Хамарын хийдийн 8 дахь үеийн тахилч А.Алтан-Очир байгалийн цогцолборт газрын ангилалд оруулах саналтай байгаагаа УИХ-ын ажлын хэсэгт илэрхийллээ.

Тэрбээр, “Хамарын хийдийн бүс нутагт анх 2017 онд ашигт малтмал ашиглалтын лиценз БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид олгогдсон байдаг. Хамарын хийдийн газрыг 2014 онд орон нутгийн тусгай хамгаалалтын газарт авсан байдаг. Тухайн үед бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зогсоож, явуулсан ч нөгөө компани эргээд Хамарын хийдээс нөхөн төлбөр авна гэдэг асуудал гарсан. Энэ асуудалд орон нутаг хайхрамжгүй хандсан.

Хамарын хийдээс давхар хамгаалалтын захиргаа гаргаад хийд орчмын газар нутгаа хариуцаж ажиллах хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад гаргадаг ч дорвитой хариу өгдөггүй. 1990 оноос хойш 32 жилийн турш өнөөдрийн хийдийг цогцлоон босгосон. Гэтэл аймаг, сумаас хийд рүү орох чиглэлд нэвтрэх цэг гаргаад аялагч бүрд 2000 төгрөгийн тасалбар өгдөг. Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал нэмэгдэж, 100-150 мянган хүн ирэх болсон. Энэ орлогоос хийдийн засвар, тохижилтод төсөв өгдөггүй. Бид нэг жилд зөвхөн Шамбалын орны урсгал засварт 20-30 сая төгрөг зарцуулдаг. Хуулиараа бол дээрх орлогын 30 хүртэл хувийг хийдийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой байдаг. Эдгээр асуудлаас үүдээд Хамарын хийд орчмын газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангилалд оруулж, бид өөрсдөө хамгаалалтын захиргаагаа байгуулж ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэхээр төсөл боловсруулж эхэлжээ. Уг төсөлд тусгай хамгаалалтын газар нутгийн тав дахь ангиллын нэмж, байгалийн нөөц ашиглалтын газар эсхүл орон нутгийн тусгай хамгаалалттай газар гэсэн менежментийн сонголтыг гаргахаар тусгах юм байна.

Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын үйл ажиллагаа оновчтой болох, эдийн засгийн хувь бие даах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг олон давуу тал үүснэ гэдгийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх хэллээ.

Шунхатын тал орчмын газрын байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна

Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдын нутгийг хамарсан “Шунхатын тал” орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хөндөж, ярилцлаа.

Байгалийн мужлалтын хувьд говийн мужийн Дорнод говийн дэд мужийн сулин хээр Замын-Үүдийн талархаг газрын тойрогт хамаарах бөгөөд дээрх тойрог нь 38311.3 км2 талбайг хамран оршдог тэгш тал, толгод голлон тархсан, ухаа гүвээ бүхий нөмөр нөөлөг ихтэй, хээр тал бөгөөд биологийн төрөл зүйлүүд оршин амьдардаг экологийн чухал ач холбогдолтой газар нутаг юм.

Хөвсгөл сумын ИТХ-ын 2015 оны 01/04 дүгээр тогтоолоор 21.9 мянган га талбай, Хатанбулаг сумын ИТХ-ын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолуудаар Шунхатын тал, түүний орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгүүлсэн байна.

Улсын тусгай хамгаалалтад авах саналыг Хөвсгөл сумын ИТХ-ын 2017 оны 02/03 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын 2021 оны 05/08 дугаар тогтоолоор дэмжиж шийдвэрийг БОАЖЯ-д хүргүүлжээ. Хүсэлтэд тусгасан газарт нийт 55 өвөлжөө, хаваржааны газар байдаг бөгөөд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам-2 км зайтай, Тавантолгой-Ханги чиглэлийн авто зам дайран өнгөрдөг.

Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан орчмын газар нутаг, “Шунхатын тал”-ыг улсын тусгай хамгаалалтад авах, Их нартын байгалийн нөөц газрын ангилал ахиулах асуудлуудыг энэ оны эхний хагас жилд багтаан Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөжээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг аль аль талын байр суурийг ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шийдвэрийг гаргаж ажиллахаа илэрхийллээ

ШИНЭ МЭДЭЭ