МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Мөнхбаатар: Таван жилийн хугацаанд найман сая гаруй зөрчилд хариуцлага ногдуулсан байна
2022.04.08
Хүний эрх

Л.Мөнхбаатар: Таван жилийн хугацаанд найман сая гаруй зөрчилд хариуцлага ногдуулсан байна

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.

-Энэ хаврын чуулганаар хэлэлцэх ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Энэ удаагийн хаврын ээлжит чуулганаар 55 асуудлыг нэр заан хэлэлцэхээр төлөвлөсөн. Эдгээрт өмнөх чуулганаар хэлэлцүүлгээс шилжиж ирсэн олон хуульд заасан хэлэлцэх хугацаатай хуулийн төслүүд, өргөн баригдаагүй боловч хаврын чуулганд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн хуулийн төслүүд хамаарч байгаа.

Миний хувьд хэд хэдэн хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, шинэчлэх шаардлага байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжээд таван жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нийт найман сая гаруй буюу жилд дунджаар 2.3 сая удаа зөрчлийн хариуцлага ногдуулсан байна. Одоогийн хуулиар хор аюул багатай, зөрчилд тооцогдох шаардлагагүй олон үйлдлийг зөрчилд хамруулсан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хэт шийтгэл оногдуулахад чиглэгдсэн, бүх асуудлыг зөрчлийн хариуцлагатай байлгах гэж хичээснээс ийм нөхцөл байдал үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг дахин нухацтай хэлэлцэн, шинэчлэх шаардлагатай.

Өөр нэг чухал асуудал бол Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүд. Нийгмийн даатгалын сан, ялангуяа тэтгэврийн даатгалын сан, хувийн тэтгэврийн сангийн тогтолцоо, тэтгэврийн хэмжээ, зөрүү гэх мэт тогтолцоо, төсөв, эдийн засагтай холбоотой асуудлуудыг олон жил гал унтраах байдлаар шийдвэрлэж ирсэн, бүрэн шийдвэрлэж чаддаггүй, хуримтлагдсан асуудлууд байдаг. Үүнийг энэ удаагийн Их Хурал шийдвэрлэнэ. Гэхдээ хугацаа алдалгүй нэгдсэн шийдэлд хүрч, хуулиудыг батлах асуудал хүлээгдэж байгаа.

Энэ хаврын чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Б.Саранчимэг бид нарын санаачлан боловсруулсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байна. Өнөөдөр хөдөлмөрлөж байгаа хүн дундаж цалин авч байгаад тэтгэвэрт гарахдаа орлого нь 2-3 дахин буурдаг. Үүнийг дор хаяж ажиллаж байсан үетэй нь дүйцэхүйц хэмжээнд хүргэхийн тулд тэтгэврийн шинэчлэл хийх хэрэгтэй байгаа юм.

Мөн Мэргэжлийн нэгдсэн холбоодын хуулийг сайн хэлэлцээд зөв хууль гаргах шаардлагатай. Энэ хууль батлагдвал зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих зэрэг төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх, нөгөө талаар мэргэжлийн холбоод хөгжих, эрх ашгаа хамтран хамгаалах, санал бодлоо илэрхийлэх эрх зүйн орчин бүрдэж, төр аж ахуйн үйл ажиллагааны бүх зүйл рүү ороод байхгүй, тодорхой мэргэжлийн чиглэлийн асуудлаар холбоод нь асуудлаа шийдээд явах боломжтой болно.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл мөн ач холбогдлын хувьд чухал. Үүнтэй уялдаад улсын болон орон нутгийн чанартай хотуудыг бий болгох, нийслэлийн төвлөрлийг сааруулах, аймгуудыг хөгжүүлэх асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой болно.

Ер нь бол зөвхөн эдгээр гэлтгүй ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай өөр олон асуудал байгаа. Гэхдээ цаг хугацаа алдахгүй байхаас гадна зөв бодлого, зөв зохицуулалттай хууль гаргах нь бүүр илүү чухал л даа.

Ойрын өдрүүдэд өнгөрсөн долоо хоногт нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл дээр ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Олон улсын чиг хандлага бол, Шүүхийн шинжилгээний байгууллага нь бараг шинжлэх ухааны байгууллага талдаа хамаардаг. Тусгай мэдлэг, өндөр мэргэшил, ур чадвар шаарддаг учраас шинжээч нарт эрдмийн зэрэг цолтой байх, судалгаа хийдэг байх зэрэг шаардлагууд зарим тохиолдолд тавигддаг. Шинэчилсэн найруулгаар шүүхийн шинжилгээний байгууллагыг бэхжүүлэх, чадавхжуулах талаар боломжийн зохицуулалт орж ирсэн.

Нөгөөтэйгүүр энэ байгууллагын хувьд иргэн, эрүү, захиргаа, арбитрын хэрэг маргаанд нотлох баримт, шинжилгээний объектийг шинжлэн гаргасан дүгнэлт нь тухайн хэрэг маргааныг аль нэг талд шийдвэрлэх үндэслэл болдог болохоор хүний эрхийг дээдлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй байх, хараат бус байх,нууцыг хадгалах зарчмаар хэрэгжих ёстой байдаг.

Тэгэхээр шүүхийн шинжилгээний үйл ажиллагаа нь нэг талаас шинжлэх ухаан, шинжилгээ судалгааны, нөгөө талаас хэрэг маргаан шийдвэрлэх процесстой холбоотой байдгаас эрх зүйн байдал, үйл ажиллагааны зохион байгуулалт нь арай онцлог байх ёстой. Энэ бүгдийг харгалзаад шүүхийн шинжилгээний цаашдын хөгжлийг нь дэмжсэн, гайгүй хууль гаргачих зорилготой ажиллаж байна.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зарим хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Хуулийн төсөл нь агуулгын хувьд хоёр үндсэн асуудлаар орж ирсэн. Нэгдүгээрт, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгалын болон хүүхдийн эрх ашигтай холбоотойгоос бусад төлөвлөгөөт хяналт шалгалтыг гурван жилийн хугацаагаар зогсооё. Гэхдээ төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагад хийгдэх шалгалт зогсох ёсгүй. Хоёрдугаарт, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор хохирол учирсан нөхцөлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийнэ. Ингэхдээ гаргасан зөрчилд нь эхний ээлжинд зөвлөн туслах, сануулах талаар албан шаардлага хүргүүлнэ гэсэн зохицуулалттай.

Ер нь бол цар тахлын үеийн гурван жилийн хугацаанд үнэхээр бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, бараа материалын үнэ өсч, тээвэр ложистик хязгаарлагдсанаас бизнес эрхлэгчид хүнд байдалд байгаа. Тэгэхээр шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдэд төрийн дарамт учруулахгүй байх зарчим баримтлах нь зөв. Гэхдээ нөгөө талд тухайн бизнес, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч, хэрэглэгч тал гэж бас байгаа. Хуулийн төслийн дагуу тухайлбал, хоолны хордлого, эсхүл осол гарсны мөрөөр шалгалт хийгээд явбал хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөнө гэдгийг давхар бодолцож бизнест дарамт учруулахгүй хэрхэн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хийх вэ гэдэг талаас нь асуудлыг шийдэх нь зөв. Хүний амь нас, эрүүл мэнд, барилга байгууламж, байгаль орчны аюулгүй байдлын асуудлын хувьд эрсдэл гаргаж, осол, эндэгдэл гарсны дараа л шалгалт хийнэ гэж болохгүй байх.

Нөгөөтэйгүүр, Мэргэжлийн хяналтын байгууллага л энд яригдаад байна. Гэтэл яг мэргэжлийн хяналтын байгууллагатай ижил чиг үүрэгтэй улсын байцаагч ажилладаг 20 гаруй байгууллага байдаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэх мэт. Бүгд хяналт шалгалт хийх, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байцаагч нар хяналтаа хийгээд явж байдаг. Тэгэхээр асуудлыг шийдэх бол цогцоор нь авч үзэх хэрэгтэй.

-Регистрийн дугаарын оронд бүртгэлийн дугаарыг хэрэглэхтэй холбоотой асуудал хэлэлцэгдэж байна. УБЕГ-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд та илүү бодитой дүгнэлт өгөх болов уу?

-Одоо хэрэглэж байгаа регистрийн дугаар нь төрсний бүртгэлийг анх хийсэн буюу төрсөн аймаг, нийслэл, сум, дүүргийг илэрхийлсэн үсгэн болон төрсөн он, сар, өдөр, хүйсийг илэрхийлсэн тоон мэдээллээс бүрддэг. Энэ дугаар нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, гадаад паспорт зэрэг бичиг баримтад бичигдэхээс гадна, нийт 27 хуулиар төрийн үйлчилгээ авах зэрэгт регистрийн дугаар шаардсан зохицуулалт байдаг.

Ингээд хувь хүний талаарх тодорхой мэдээлэл агуулж,иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтад ил бичигддэг, төрийн болон бусад үйлчилгээ авахад өргөн хэрэглэгддэг байх нь хувь хүний нууц болон аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй юм. Иймээс регистрийн дугаарын оронд тохиолдлын журмаар сонгогдсон 12 орон бүхий тоон дугаарыг иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ гэх мэт ил харагдах бичиг баримтад бичиж, регистрийн дугаарыг харин иргэний үнэмлэх бичиг баримтын чипэнд хадгалах нь зүйтэй гэдэг агуулгаар хуулийн төсөл хэлэлцэгдэж байна.

Үүнээс гадна хүний оршин суугаа хаягийг иргэний үнэмлэхэд ил бичих нь хаягаа солих болгонд өөрчлөлт хийлгэх, эсхүл хаягийн хөдөлгөөнөө иргэний бүртгэлд хийлгэхгүй байх, зарим талаар аюулгүй байдал талаасаа хүндрэл үүсгэх тул хаягийг мөн иргэний үнэмлэхэд ил харагдах байдлаар биш, харин чипэнд тусгахаар хуулийн өөрчлөлт яригдаж байна.

Энэ хууль батлагдвал, иргэдийн иргэний үнэмлэхийг солих, бусад регистрийн дугаартай бичиг баримтыг өөрчлөх ажлыг иргэдэд хүндрэл багатай, шуурхай, зохион байгуулахад илүү анхаарах ёстой. Өмнө нь 10 гаруй жилийн өмнө анх удаа тухайн үеийн технологийн боломжид тулгуурлан цахим үнэмлэх нэвтрүүлж, биеийн давхцахгүй өгөгдөл хурууны хээний сан бүрдүүлэн иргэний үнэмлэхний чипэнд суулгах ажил орон даяар зохион байгуулагдсан. Тэр үед би Улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан учраас ажлын цар хүрээ, зохион байгуулалтын асуудал ихтэй гэдгийг ойлгож байна.

-Сүүлийн үед улс төрд өрнөж байгаа үйл явцуудыг та хэрхэн дүгнэж байна?

-Тодорхой асуудлуудын хувьд тухай бүрээр хуулийн байгууллага, шүүх нь шийдвэрээ гаргаад явж байгаа учраас энэ талаар би дүгнэх шаардлагагүй байх. Харин ер нь улс төрийн болон сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилт, улс төрийн албан тушаалтны ёс зүй, сахилга хариуцлага, улс төрийн намын үйл ажиллагааны ил тод, ардчилсан байдал зэрэг улс төрийн болон намуудын хүрээнд үүсч, цаашлаад төрийн үйл ажиллагаанд ч нөлөөлж байгаа олон асуудлыг Улс төрийн намын тухай хуулийг орчин үеийн чиг хандлага, олон улсын нийтлэг жишигт нийцүүлж баталснаар шийдэх боломжтой. Улс төрийн санхүүжилтийн асуудал ч тусгайлсан хуулиар зохицуулагдах нь зөв байх. Хуулийн төслийг боловсруулах чиглэлд ажиллаж байгаа. Засгийн газар, эсхүл тодорхой гишүүд биш Ерөнхийлөгч энэ санаачилгыг аван ажиллаж байгаа тул хуулийн төсөл тодорхой бүлгийн, намын, гишүүдийн үзэл бодол гэхээсээ нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байдлаар боловсруулагдах байх гэж бодож байна.

Одоо дахиад хоёр жилийн дараа УИХ-ын болон орон нутгийн сонгууль болно. Үүнээс өмнө улс төрийн намын эрх зүйн орчноо цаг алдалгүй сайжруулах хэрэгтэй байна. Нөгөө талаар сөрөг хүчний нам нь эрх баригч намд хяналт тавих, хариуцлага нэхэх, ард түмний тодорхой хэсгийн төлөөллийг хэрэгжүүлэх том үүрэг рольтой байдаг учраас АН дотоод асуудлаа шийдээд улс төрийн сөрөг хүчний үйл ажиллагаагаа хэвийн хэрэгжүүлэх нь нийгэм, улс төрийн ач холбогдолтой гэж харж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ