Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.05) хуралдаан 14 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.
Дараа нь Засгийн гараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тусгасан байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Дэлхий нийт коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр 2022 онд дэлхийн эдийн засаг эргэн сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн идэвхжлийн түвшинд эргэн хүрэх боломжтой гэж олон улсын байгууллагууд төсөөлж байлаа. Гэвч 2022 оны 02 дугаар сарын 24-нд ОХУ болон Украин улсын зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийтийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүсгээд байна. ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж байсан боловч дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлтийг бууруулан 3.5 орчимд тооцож байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсөж, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүссэнээр импортлогч орнуудад шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна.
Улмаар БНХАУ-ын ургац 2022 онд буурч байгаатай холбогдуулан хүнсний нийлүүлэлтийн тасалдал гарч дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хангамжийн хомсдол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд улс орнууд төсөв, мөнгөнийн бодлогыг уялдуулан дотоод нөөц боломжийг ашиглаж гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх, нийлүүлэлт хангамжийн хомсдол үүсэх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч байгааг тодотгосон.
Цар тахлын цаашдын төлөв байдал болон Оросын Холбооны Улс болон Украин улсын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-д тавьж буй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг хуулиар Засгийн газар, Монголбанканд олгох зайлшгүй шаардлага тулгараад байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсныг Б.Жавхлан сайд танилцуулгадаа тодотгосон.
Хуулийн төсөлд дараах асуудлыг шийдвэрлэхээр тусгалаа. Үүнд:
-Монгол Улсын Их Хурал гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэхтэй холбогдсон хууль, тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэн шийдвэрлэх;
-Монголбанкнаас мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг тус тус банкаар дамжуулан олгож санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
-Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуульд олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн этгээдэд хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй байх;
-3асгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;
-Засгийн газраас мах, гурилны нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах арга хэмжээ авах;
-Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдсон хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлэх;
-Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүр тогтоож мөрдүүлэх бөгөөд энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан мөрдүүлнэ гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн тэрбээр, хуулийн төслийг дагалдуулан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Эдгээр хууль тогтоомжийн төсөлд, Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг Монгол Улсын хилээр бэлнээр гаргахыг хориглох, Газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 5 хүртэл хувиар тогтоож зохицуулалтын арга хэмжээ авах эрхийг Засгийн газарт олгохоор тусгасан гэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Н.Ганибал, Т.Доржханд, Д.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Ш.Адьшаа, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авав.
Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг цаг алдан, оройтуулан өргөн мэдүүлж байгааг тодотгоод цаашид үе үеийн Засгийн газар төсвийн санхүү, мөнгийг үр ашигттай зарцуулдаг тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун “Хуулийн төсөлд гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг олгохдоо импортыг дэмжсэн бус дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдаа дэмжсэн шалгуурыг тусгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн нийт дүн болон банкаар дамжуулан олгох зээлүүдийн татаас хэдэн хувьтай байх, ямар хэмжээний дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг төсөлд нарийвчлан тусгах шаардлагатай” хэмээн тодорхой саналуудыг хэлж байлаа.
Ингээд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо