МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Жаргалмаа: Хяналт, шалгалтын дараах үр дүнг сайн тооцоолох ёстой

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаагаар зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа энэхүү хуулийн төслийг дэмжиж байна. Мэдээж шууд торгох, хариуцлага хүлээлгэхээс илүүтэйгээр зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлж, хариуцлагын гэрээ байгуулна гэдэг нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын томоохон зөв жишиг гэж харж байна.

Аливаа хяналт шалгалт бол эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хийгддэг ажил. Гэхдээ Мэргэжлийн хяналтаас хийгдэж байгаа энэ хяналт, шалгалт нь ямар үр дүнтэй вэ гэдэг дээр бид анхаарах шаардлагатай гэж бодож байна. Хамгийн энгийн жишээ гэвэл Хөгжлийн банкны асуудал байна. Өнөөдөр Хөгжлийн банканд нийт долоон удаагийн хяналт, шалгалт орсон гэдэг боловч өнөөдрийн энэ том хохирлыг бидэнд авчирсан байна. Хоёр дахь жишээ гэвэл Геронтологийн үндэсний төв. 2011 онд энэ төвийн барилгын ажил эхэлсэн ч одоогийн байдлаар 65%-ийн гүйцэтгэлтэй ажил зогссон. Энэ 65%-ийн гүйцэтгэлтэй барилгын ажил шаардлага хангах уу үгүй юу гэдгийг хянаж байж дараагийн ажил хийгдэнэ. Энэ ажил одоо 11 жил хүлээгдэж байна. Тэгэхээр хяналт, шалгалтын дараах үр дүнг бид сайн тооцоолох ёстой гэдэг санал хэлмээр байна.

Зарим төрлийн хяналт, шалгалтыг түр зогсооно гэсэн байна. Зарим төрлийн гэдэг жишээг хэрхэн яаж ойлгож, жагсаалтыг хэрхэн гаргах вэ? Ер нь энэ зарим төрлийн гэдгийг тодруулахдаа ямар судалгаа хийсэн бэ? Энэ судалгааг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.

Түүний асуултад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ