МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төрийн албаны цалингийн асуудлыг хэлэлцэх, шийдэх цаг нь болсон
2022.02.21
Улстөр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төрийн албаны цалингийн асуудлыг хэлэлцэх, шийдэх цаг нь болсон

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Чуулган завсарлачихлаа. Энэ удаагийн чуулганы үеэр “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдсан. Та энэ бодлогыг хэр үр дүнтэй хэрэгжинэ гэж бодож байна?

-Өнгөрсөн 12 дугаар сарын эхээр манай намын 30 дугаар их хурал хуралдаж, тус хурал дээр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зууныг эхлүүлэх зургаан шинэчлэлт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан. Улмаар Засгийн газраас УИХ-д тус бодлогыг оруулж батлууллаа. Цаг үеэ олсон нилээнчухал баримт бичиг болсон гэж харж байна. Одоо хаа хаанаа хариуцлагатай хэрэгжүүлж, цар тахлын нөлөөнд хямарсан эдийн засгаа сэргээх л үлдлээ.

Энэ бодлогод онцлох хэд хэдэн заалт бий. Эхнийх нь Боомтын сэргэлт. Би өөрөө зам тээврийн салбарын хүн учраас боомтын асуудалд чухал ач холбогдол өгч байгаа. Манай улс нийт хуурай замын 42, агаарын замын 4 боомттой. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагааявуулж байна.

Боомтуудын үйл ажиллагаа хэвийн бус болсноор эдийнзасгийн эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсч,хүнтэй зүйрлэвэл цус харвалтын байдалд ороод байна. Боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугаймөлхөх ч боломжгүй юм. Ачаа тээврийн асуудал хэвийн бус байгаагаас шалтгаалж зах зээл дээр өргөн хэрэглээний бараа хомсдож, үүнийг дагасан үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрлээ. Тиймээс энэ асуудлаа даруй шийдвэрлэх шаардлагатай байна.

Дараагийнх нь Эрчим хүчний сэргэлт. 1986 онд Дулааны4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэлөсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийгшаардаж байна.

Манай улс эрчим хүчний импортод жил бүрдунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагаддаг. Дулааныстанцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаадууссан. Гэтэл дулаан, цахилгааны эх үүсвэр, түүнийгдагасан шугам сүлжээний асуудлыг бүрэншийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалт ярихямар ч боломжгүй.

Тухайлбал манай улсын хойд хил болсон Булган аймгийн Тэшиг сум байна. Тэнд 998 өрхийн 3500 гаруй иргэд оршин суудаг. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдоогүйн улмаас амралтын өдөр айлууд зэрэг угаалгын машинаа ажиллуулах, зуны халуунд цахилгаан зуухан дээрээ хоолоо хийх зэрэг асуудлууд хүндрэлтэй. Ийм сумд манай улсын хэмжээнд хэд хэд байна.

Орой 18 цаг болтол тоггүй сум байна гээд боддоо. Одоо чинь хэддүгээр зуун билээ. Бид энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, хүн амьдрах тохь тухтай орчин, үйлдвэрлэл хөгжүүлэх тэгш боломжийг олгох хэрэгтэй. Тэшиг сумын хувьд 2022 оны улсын төсөвт 35 кВт-ын эрчим хүчний шугамд холбох 6.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн.

Энэ хавраас ажил нь эхлээд явна. Шинэ сэргэлтийн бодлогод Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгаланцахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтынажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах ньэрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ачхолбогдолтой болно гэж харж байна.

Гуравдугаарт Аж үйлдвэржилтийн сэргэлт. Энэ бол миний Их Хурлын гишүүн болсноосоо хойш хамгийн их ярьдаг сэдэв. Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэйхийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм.

Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна. Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох ёстой. Орон нутгаас сонгогдсон гишүүнийхээ хувьд “Шинэ хөдөө” төслийг санаачлан, хэрэгжүүлээд 5 жил болж байна.

Манай иргэд ажил гэхээр “төрийн байгууллагад ажиллах” эсвэл мал маллах гэсэн 2 сонголттой юм шиг дийлэнх нь ойлгодог. Бидэнд түүхий эд, нөөц боломж асар их бий. Үүнийгээ олж харж, ашиглах, хорших, бие биенээ дэмжих хэрэгцээ шаардлага байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаарбайгуулахаар тусгасан байгаа.

Дараагийнх нь Хот, хөдөөгийн сэргэлт. Монгол Улс нэгхүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.

Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болох нь холгүй байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогчулс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын 4 дүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгасан байгаа. Хөдөөд чиглэсэн даацтай хөтөлбөрүүд, зоримог шийдвэр хэд хэд бий.

Тавдугаарт Ногоон хөгжлийн сэргэлт. Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг одоо л тодорхойлохгүй бол оройтно. Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр тусгасан.

Үүн дээр нэмээд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн. Гэхдээ тэрбум модоо тарихдаа уулнаас авчирж тарьж байгаа нэртэй услахгүй орхиод байж болохгүй. Нэгж дээр хариуцаж байгаа баг сум, байгууллагын удирдлагууд сэтгэл гаргаж хэрэгжүүлэх нь чухал.

Зургаа дахь нь Төрийн бүтээмжийн сэргэлт. Монгол төрийн Ерөнхий сайдаар хоёронтоо томилогдон ажиллаж байсан, Булган аймгийн уугуул Агданбуугийн Амар сайд 1932 онд ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ыг санаачлан хэрэгжүүлж байсан. Тэр бодлого нь төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм.

Энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Бидэнд мөнгө шаардахгүй ч, бүтээмжээ сайжруулах олон боломж бий. Ийм л байх ёстой гээд дасчихсан асуудал, хэвшсэн сэтгэлгээ ч цөөнгүй байна. Хувийн хэвшилд хязгаарлагч хүчин зүйл болдог энгийн жишээ дурдахад ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв 11 дүгээр сард батлагдан, төсвийн жил 1 дүгээр сард эхэлдэг.

Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог. Яагаад бид өвлийн улиралд худалдан авалтаа зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж? Яагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгож болохгүй гэж?

Тиймээс төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлсээ зөв тодорхойлж, шийдэл олох нь нэн чухал юм.

Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна гэж заасан. Өөр олон чухал асуудлууд тус бодлогод туссан. Миний хувьд онцлох ажлууд гэвэл эдгээрийг хэлэх байна.

-Өнгөрсөн онд хэрэгжсэн 10 их наядын хөтөлбөртэй холбоотой таны байр суурь?

Энэ бол цар тахлын нөлөөгөөр хямарсан эдийн засгийг багагүй өргөсөн чухал ач холбогдолтой хөтөлбөр байсан. Саяхан УИХ-ын чуулганд тус хөтөлбөрийн тайланг танилцуулахдаа ажлын байр хадгалж үлдэхэд 2 их наяд, хөдөө аж ахуйг дэмжихэд 0.5 их наяд, залуучуудын ажлын байрыг бий болгоход 0.5 их наяд, орон сууцны ипотект 3 их наяд, стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд 2 их наяд, Монгол банкны дахин санхүүжүүлэх төлөвлөгөөнд 2 их наяд зарцуулсан гэсэн мэдээлэл өгсөн.

Хөтөлбөр өөрөө зөв үү гэвэл маш зөв. Цаашид ч үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин хүрэх ёстой эзэндээ очих, мөн 1 хүнд хэт өндөр хэмжээний зээл олголгүй олон хүнд хүртээх тал дээр анхаарах ёстой байсан гэдэг дээр би байр сууриа илэрхийлсэн.

Өнгөрсөн хавар Булгандаа очоод ажиллах үеэр 1 залуу хуурай агсам тавьсан. Та нар нээх сайхан юм амлаад зурагт телевизээр гардаг. Яг амьдрал дээр хэрэгжихээр манай суманд наад жилийн 3 хувийн хүүтэй зээлээс чинь хүртсэн хүн алга гээд. Үнэхээр судлаад үзэхээр хүлээлтээсээ бага аж ахуйн нэгж хамрагдсан байсан.

Нөгөөтэйгүүр банкны эх үүсвэр тул банк баталгаатай аж ахуйн нэгжүүддээ олгоод иргэдэд бараг олгоогүй юм байна лээ. Гэхдээ л өмнө нь ЖДҮ-г дэмжих жилд арай ядан 100 тэрбум төгрөг баталж тэр нь арын хаалга танил талаараа хуваарилагддаг байсныг бодоход хоёр их наяд гэдэг бол 200 дахин их мөнгө шүү дээ. 2021 онд хэрэгжсэн 10 их наядын хөтөлбөр цаг үеэ олсон ажил болж чадсан. Гагцхүү түүний олголтод цаашдаа анхаарах шаардлагатай.

-Банкнаас олгож байгаа зээлийн хүүний тал дээр таны бодол?

-Цалингийн зээл, малчины зээл, ипотекийн зээлгүй хүн манай улсад алга. Гэтэл зээлийн хүү нь дэлхий дээр хаана ч байхгүй өндөр. Жишээ нь 100 саяар байр авлаа гэж бодъё. 20 жил хөдөлмөрлөөд 200 сая болгож бүтэн нугалж эргүүлж төлнө. Энэ бол луйвар.

Ихэнх улс орнууд зээлийн хүүгээ бууруулсан хуультай байдаг. Мөн мөнгө хүүлэгчдийн эсрэг хууль ч байх нь бий. Дэлхийн 180 улсаас 12 нь банкны зээлийн хүү 20-иос дээш давсан байдаг юм байна, Тэдний нэг Монгол улс. Энэ 12 улсын дундаас манайхтай хамгийн төстэй нь Киргиз.

Гэтэл хэдхэн жилийн өмнө зээлийн хүүгийн тухай хууль гаргаж, хүүгээ бууруулсан. Ирэх хаврын чуулганаар банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар нэр бүхий гишүүдтэй хамт хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байна. Урьд нь хүү бууруулах тухай хуулийн төсөл яригдаж байсан ч тэгсгээд намжсан. Олон асуудал тулгарах байх. Гэхдээ энэ хуулийг батлуулахын тулд тууштай зүтгэнэ.

-Банк гэснээс Та хаа очиж ЖДҮ, Хөгжлийн банкны асуудалд холбогдоогүй цөөхөн гишүүдийн нэг…?

-Их Хурлын гишүүний тангарагад юу гэж заасан байдаг билээ. …Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж байдаг. Миний хувьд төрд хорь гаран жил ажиллалаа. Төрийн ёс жаяг, жудаг, хуулийг эрхэмлэж явах ёстой л гэж боддог. Учиргүй хазгай далий гишгэчих вий гэхээсээ улсдаа, нутаг орондоо юм хийж бүтээе гэж боддог доо.

Хүнд угаасаа хийх бүтээх хатуу зорилго тавиад зүтгэхээр юун хувийн эрх ашиг элдэв өөр зүйл юу ч бодогддоггүй л дээ. Өглөө гараад явдаг орой машиндаа суугаад харихдаа л гэр орон хүүхдүүдээ санах жишээтэй. Сая сар шинээр улсын аварга малчдынхаа шагналыг гардуулж явахад нэг настан “ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт холбогдоогүйд баярлалаа, бидний чихийг халууцуулалгүй энэ чигээрэй ажиллаарай” гэж байсан сайхан л санагдаж байлаа.

“Шинэ хөдөө” төсөл гээд тав дахь жилдээ хэрэгжүүлээд явж байна. Аль болох иргэдийнхээ амьжиргааг дэмжиж, орлогыг нь нэмэгдүүлэхэд дэм болчих санаатай төсөвт хэдэн төгрөг тусгачих гээд яам тамгын газрыг царай алдаж байхад нөгөө талд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хувьдаа завшиж, шамшигдуулж байгаа нь үнэхээр харамсалтай.

МАН-ын 30 дугаар их хурлаас авилга ашиг сонирхлын хэрэгт холбогдсон бол улс төрийн болоод хуулийн хариуцлага хүлээлгэх тогтоол шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж, алдаа завхралыг даамжруулалгүй хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн байр сууритай байна.

-Энэ удаагийн парламентын танхимд хууль санаачилдаг хэдхэн гишүүн бий. Тэдний нэг нь та. Хаврын чуулганаар орох өөр хуулийн төсөл бий юу?

Хэд хэдэн хуулийн төслийг ахлаад, мөн ажлын хэсгийн гишүүнээр ороод явж байна. Үүнээс онцлоход Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар судалгааны баг ажиллаж байгаа. Энэ нь ямар учиртай хууль вэ гэхээр жилээс жилд бэлчээр доройтож, байгалийн хадланд найдаж суух боломжгүй боллоо. Сүүлийн жилүүдэд малчид маань ногоон тэжээл тариалах сонирхолтой болсон.

Гэвч газар байхгүй. Газрын тухай хуульд атар газар хагалахыг хориглосон заалттай. Одоо өргөн барихаар бэлтгэж байгаа энэ хуульд малчид кадастрын зургаар баталгаажсан өвөлжөө, хаваржааны газартаа 0,5-1 га хүртэл атар газар эзэмшиж, ногоон тэжээл, овьёос, царгас, цаашлаад төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж болно гэсэн заалт оруулахаар бэлтгэж байна.

Ингэж байж бидний ярьдаг эрчимжсэн аж ахуй утгаараа хөгжинө. Тэжээлээ тариад малдаа өгдөг, малынхаа өтөг бууцаар бордогоо хийчихнэ. Малчдын санхүүд хэмнэлттэй, малын ашиг шимд дэмтэй. Процессын алдаагүй сайн хууль болгохын тулд судалгаа, тооцоогоо нарийн хийж зүйл заалтаа тодорхой тусгана. Мэргэжлийн байгууллагууд,судлаачид, орон нутаг, малчдаасаа санал авч нарийн хэлэлцэхээр төлөвлөж байна.

-Хаврын чуулганаар тэтгэврийн багц хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ бол ахмадуудад хамгийн их хүлээлт үүсгэж байгаа хууль. Та дэмжиж байгаа юу?

-Дэмжилгүй яах вэ. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар УИХ ээлжит бусаар хуралдаж сар шинийн босгон дээр ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгож нэмлээ. Энэ бол манай улсын тэтгэвэр авч байгаа 332.9 мянган өндөр настны талархлыг хүлээсэн шийдэр болсон. Төсвийн боломж нөхцөл бүрдвэл цаашдаа ч нэмнэ гэсэн байр сууритай байгаа.

Тэтгэврийн багц хуулийн тухайд гэвэл Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдаж байсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байж. Одоо өргөн баригдаж байгаа хуулийн төслийг би цаг үеэ мэдэрсэн орчин үеийн хууль гэж хэлнэ.

Даатгуулагчид нэмэлт тэтгэвэр авах боломжийг хуулиар олгох, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг өсгөх, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бий болгох, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх гээд шинэлэг сайн санаачлагууд олон бий. Үүн дээр нэмээд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо 7 биш 5 жилийн дунджаар боддог болохыг маш олон ахмадууд хүсэж, хүлээж байна. Энэ заалтыг ёстой 2 гараа өргөөд гэдэг шиг дэмжиж байгаа.

-Орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллах хугацаа харилцан адилгүй байдаг. Та өмнөх 4 жил тойрогтоо хамгийн их ажилласан гишүүнээр тодорч байсан шиг санагдаж байна. Нутагруугаа хэр явж байна даа?

Өнгөрсөн оны хувьд цар тахлаас шалтгаалаад хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Одоо чуулган завсарлачихлаа. Мал төллөх, хаврын их ажил эхлэхээс өмнө бүх сумдаараа орж, иргэд малчидтайгаа уулзана даа. Иргэд ахмадуудтай уулзахаар хааяа магтуулна, хааяа шүүмжлүүлнэ.

Загнуулна ч. Би гэхдээ шүүмжлэл сонсох, хүлээж авах дуртай хүн. “Дарга, удирдагч хүнд шүүмжлэл бол хоол нь байх ёстой” гэж миний хэлэх дуртай үг. Тэгж л хүн өөрийнхөө зам мөр, алдаагаа засаж залж явахгүй бол арван хуруу тэгш хүн гэж хаана байх билээ.

-УИХ-ын гишүүд хууль батлах үндсэн үүрэгтэй ч орон нутагтаа хэр хэмжээний төсөв, хөрөнгө оруулалт хийж байгааг иргэд хардаг. Өнгөрсөн жилийн онцлох бүтээн байгуулалт юу байв? Ирэх онд ямар ажил хийхээр төлөвлөж байна даа?

Нийт Булганчуудынхаа итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон гишүүний хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг аль нэг суманд түлхүү оруулах биш, нэн шаардлагатай байгаа тулгамдсан асуудлуудыг сум тус бүрээр нь тодорхойлж, түүнийг эрэмбэлж, эхнээс нь шийдвэрлэхийг хичээдэг.

Би чинь Төрийн албанд бага залуугаасаа шат шатанд нь ажиллаж явсан учраас аливаа зүйл зарчмаараа явах нь зөв гэж үздэг. Тиймээс сумдын удирдлагуудын хүсэлтийг сонсож, аймгаас ирүүлсэн хөрөнгө оруулалтын саналыг үндэслэдэг юм.

Түүнээс Их Хурлын гишүүн гэхээрээ дур зоргоороо санаандаа орсноо хийгээд, би мэднэ гэж дайраад байж болохгүй. Наанадаж зураг төсөвгүйгээс цаг алдах, цаанадаж төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэл үүснэ.

2021 онд ашиглалтад орсон бүтээн байгуулалтуудаас онцлоход 2019 онд эхлүүлж байсан “Ахмадын өргөө”-ний барилга ашиглалтад орж, ахмадууд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тохилог сайхан өргөөтэй боллоо. Энэ ажлыг тухайн үеийн аймгийн Засаг дарга байсан З.Батзориг санаачилж би улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаж байлаа. Эхлүүлсэн ажлаа дуусгаж, эздэд нь хүлээлгэж өгөх шиг сайхан зүйл хаа байхав.

Хүн ер нь эрүүл л байвал бусад нь аяндаа болно гэж боддог. Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулсан. 2016-2020 оны сонгуулийн жилд аймгийнхаа эмнэлгүүдэд 27 шинэ авто машин олгосон байдаг юм. Өнгөрсөн жил Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн ПСР шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж шийдвэрлэсэн. Томографийн аппараттай болгосон. Одоо иргэд маань нааш цааш явж цаг хугацаа, зардал мөнгө үрэх нь багассан байх. Саяхан эрүүл мэндийн салбарт 88 компьютер гардуулсан. Эмч нар маань цахимаар ажлаа явуулахад нь дэм болсон гэж бодож байна. Ирэх жил бүх сумдадаа биохими, цусны шинжилгээний тоног төхөөрөмжүүд олгохоор улсын төсөвт 500 сая төгрөг тусгасан байгаа.

Нийгмийн чиглэлд гэвэл 2022 онд 60 жилийн түүхтэй “Жаргалант” зуслангийн маань гол байгууламж ашиглалтад орно. Хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Булган сумын 4 дүгээр цэцэрлэг, Орхон сумын эмнэлэг, Дашинчилэн, Хутаг-Өндөр сумдад дотуур байр гээд дурдвал олон ажил бий. Энэ жил Булган аймагт улсын төсвийн 91.05 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил туссан. Үүнээс 33.4 тэрбум нь санхүүжигдэнэ.

-Та бол зам тээврийн салбарын хүн. Иргэний нисэхийн лебералчлал, төмөр замын асуудлаас эхлээд хийсэн ажил, хэлэх үгтэй сайд явсан. Булгандаа замын асуудлыг хэр шийдэж байна?

-Баярлалаа. Энэ салбарт олон жил ажиллаж байсандаа сэтгэл хангалуун, сайхан байдаг юм. Буянтай ажил шүү. ТЭЗҮ-г нь боловсруулахаас эхлээд гар бие оролцож явсан зам ашиглалтад орсны дараа давхиж явах сайхан л байдаг юм. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг дээ. Иргэдийн амьжиргаатай шууд холбогддог.

Мянганы замын босоо тэнхлэг болох Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн хатуу хучилттай автозамыг анх төрийн нарийн бичгийн дарга байхаас зураг төсөл боловсруулахад нь оролцож 2018 онд Зам тээврийн сайд байхдаа эхлүүлж байлаа. Одоогоор Булган аймгийн төвөөс Орхон сум өнгөрөөд зогссон байгаа. Миний хувьд энэ зам маш чухал.

Монгол улсын ерөнхий сайдаас нэг л зүйл аминчлан гуйсан маань энэ л зам. Ингээд 2022 оны төсөвт энэ замын үргэлжлэл Орхон-Хишиг-Өндөрчиглэлийн 31.08 км авто замын санхүүжилт болох 29.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгагдаж чадсан. Энэ зам ашиглалтад орсноор Булганчууд төдийгүй Хөвсгөл, Орхон аймгийн иргэд нийслэл хоттой холбогдоход 100 орчим км бага явж, цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэх юм. Аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжилд ач холбогдол өндөр чухал зам.

Мөн Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн 53.6 кмавтозамыг “Эрдэнэт” ТӨҮГ-ын 34 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ онд барихаар тендер шалгаруулалт зарлагдсан. Манай Хангал, Хялганатынхан очих бүрт манай замын асуудал юу болж байна гээд л шалгаана шүү дээ.

Эрдэнэт үйлдвэрийн Х.Бадамсүрэн захиралтай 2019 онд энэ замын санхүүжилтийн хагасыг би улсын төсөвт суулгаж үлдсэнийг нь Эрдэнэт үйлдвэр төсөвтөө суулган хамтран барих талаар ярьж тохирсон боловч цар тахал, эдийн засгийн хямралаас шалтгаалж хойшилсоор энэ онд шийдвэрлэлээ. Энэ дашрамд Х.Бадамсүрэн захиралд талархлаа илэрхийлье.

Манай Булган аймаг хангай газар хур ихтэй. Өвөл цас их унана. Зун бороонд шавар шавхай дийлдэхгүй. Сумын төв дотроо л шаварт суух нь холгүй байдаг. Миний хувьд Зам тээврийн сайд байсны хувьд сумдын төвүүдээ засмал замтай болгочих бодлого байрьдаг. Тиймээс энэ онд хэд хэдэн сумын төв доторх замыг хатуу хучилттай болгохоор улсын төсөвт тусгасан. Хялганат тосгон, Хангал, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр гээд 5 сумын төв дундуур 1.7-3 км зам тавигдана.

Би ер нь “Шинэ хөдөө” гэдгийг зөвхөн хөдөө аж ахуйн салбарын хөгжлөөр хязгаарлаж хардаггүй. Нийгмийн асуудал, дэд бүтэц, шугам сүлжээ, зам харгуй гээд цогцоор нь шийдэж байж бид хамтдаа “шинэ хөдөө”-г бүтээнэ. Хүн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлнэ.

-Булганаас эхэлсэн “Шинэ хөдөө” одоо 12 аймаг, 1 дүүрэгт хэрэгжиж байна. Энэ төслөөс ямар үр дүн гарав?

-Анх 2017 онд “Шинэ хөдөө” төслийг санаачлан эхлүүлж байлаа. Солонгосын “Шинэ тосгон”, Японы “Нэг тосгон-нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнүүдээс санаа авсан юм. Тэд үнэхээр сайн хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засгийг өндийлгөж, үйлдвэрлэгч орон, баян орон болж чадсан.

Энэ асуултад хариулахын өмнө онцлоод хэлэхэд би дбодлогын арай ондоо хандлага бий болгох ёстой. Хөрөнгө оруулалт гэхээр бид нийгмийн чиглэлийн эдийн засаг, дэд бүтэцтэй холбоотой хатуу зөөлөн дэд бүтцээ бодоод байдаг. Цэцэрлэг, сургууль, зам гэх мэтэд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн.

Миний хувьд зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарт олон жил болж, олон төсөл хөтөлбөрийн ард гарч байлаа. Анх 2007 онд Төрийн нарийн бичгийн даргаар энэ салбарт ажиллаж байхад 50, 100 км зам ашиглалтад авна гэдэг асар том ажил байсан л даа. 2000 он дөнгөж гарч байхад жилдээ 200 орчим км зам хүлээж авахыгаа том амжилт гэж үздэг байсан юм. Түүнээс хойш байдал өөрчлөгдсөн.

Жилдээ 2000 км зам хүлээж авч явсан түүх хүртэл бий. Бүх аймгаа Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбоно гэдэг маштом амжилт. Ийм том бүтээн байгуулалт өрнөсний эцэст эргээд харахад хувь хүмүүсийн амьдрал бахь байдгаараа л байна. Авдаг цалин, тэтгэвэр, амьжиргааны төвшин нь хэвээрээ шахуу.

Гэтэл бид дундаж давхаргыг бий болгоно, амьжиргааг дээшлүүлнэ, ажлын байрыг сайжруулна гэж ярьдаг ч үр дүн нь төдийлөн сайн биш. Зах зээлийн зарчим ярьсаар байгаад иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх ажил дутмаг хэвээр.

Ер нь 1 том үйлдвэр байгуулаад бүгдээрээ тэндээ ажиллахаас илүүтэй өрх бүр өөрсдөө үйлдвэрлэгч болж байж бүгд ажилтай, орлоготой, хараат бус амьдрах нөхцөл бүрдэх юм. Нөгөө ажилгүйдэл ядуурлаа, дотоодын хэрэгцээгээ ингэж л шийднэ. Гол нь иргэд маань үйлдвэрлэгч болоход гарт нь барих багаж, тоног төхөөрөмж алга. Өөрсдөө худалдаж авъя гэхээр мөнгө алга. Мөнгө нь банкинд бий.

Зээл авъя гэхээр дээр хэлсэнчлэн дэлхий дээр хаана ч байхгүй өндөр хүүтэй. Тиймээс “Шинэ хөдөө” төсөл “юм хийе” гэсэн сэтгэлтэй хүнд хэрэгтэй тоног төхөөрөмжийг нь ямарч хүүгүй, 3-5 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр олгож байгаа юм. Хугацаандаа түрээсээ төлж дуусаад тухайн техник, тоног төхөөрөмжөө иргэд өөрсдөө авдаг.

Малчдад малыг нь сайжруулах чиглэлээр сайн үүлдрийн эцэг мал дамжуулан олгож эргүүлэн жилд нэг л төл авах жишээтэй. Төсөвт ч иргэнд ч алдагдалгүй гэсэн үг. Төсвийн хөрөнгийг бүртгэх, олгох, эргэн төлүүлэх ажлыг би хийдэггүй. Аймгийн ИТХ-аас байгуулсан “Хөдөө аж ахуйн хөгжлийн ирээдүй” гээд Орон Нутгийн Өмчит Компани бий. Тэд хариуцаж ажиллуулдаг.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд “Шинэ хөдөө” төслөөс Булган аймагт 9,4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Урьд өмнө ингэж иргэдэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийгдэж байсангүй шүү дээ. Нэг зүйлийг тодруулахад “Шинэ хөдөө”-гийн хүрээнд олгогдсон зүйл нь миний хүссэнчлэн ил тод явж чадсангүй. Уг нь суманд хуваарилагдсан зүйлийг сум, багын хурлаар хэлэлцээд хуваарилах ёстой юм л даа. Ингэвэл ядаж л иргэд мэдээлэлтэй байх юм.

Бид “Шинэ хөдөө”-гийн энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтыг баг, сумын Засаг дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөллөөр өөрсдөөр нь сонгон шалгаруулаад, 1 дүгээр шатнаас гарсан төслүүдийг орон нутгийн “Сайхан Монгол” ТВ, Монголын Үндэсний Олон Нийтийн телевизээр нэвтрүүлэг болгон бэлтгэж ил тод зохион байгуулсан. Шарк танк хэлбэрээр гэхүү дээ. Олон улсын байгууллагын төсөл сонгон шалгаруулалтын зарчимд ойртуулсан юм.

-Хөдөө аж ахуйн яам, ЖДҮ сан суралцмаар сайхан жишиг тогтоожээ. Баяр хүргэе. Ингэхэд Ерөнхийлөгчийн зарлиг буух бүрт Булганыханд шагналын хур буугаад байх шиг анзаарагдсан?

-/Инээв./ Манай нутгийг хэзээнээсээ “анхдагчдын өлгий” гэдэг. Монгол хүн үүссэн цагаас эхлээд л бид хэдэн үеэрээ мал маллаж амьдарсаар ирсэн. Гэтэл мал аж ахуйн салбараас төрсөн анхны “хөдөлмөрийн баатар” манай нутгаас төрсөн З.Очир гуай. Анхны ногоочин баатар, уурхайчин баатар, анхны сансрын нисгэгч, онгоцны нисгэгч, олимпийн аварга, анхны ардын эмч, ардын жүжигчин гээд яалт ч үгүй бүхий л салбарт анхдагч болчихдог.

Би өөрөө Хутаг-Өндөр сумын уугуул. Ардын Хатанбаатар Магсаржавын нутгийн хүн. Богд хаант Монгол улс, БНМАУ гээд 2 төрөөс “ардын” цол хүртсэн энэ хүмүүнээр, тусгаар тогтнолын төлөө хийсэн гавьяат үйлсээр нь бахархдаг.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төрийн албаны цалингийн асуудлыг хэлэлцэх, шийдэх цаг нь болсон

Яг л над шиг бүх Булганчууд маань нутаг усаараа, анхдагчид, алдартнууд, баатруудаараа бахархаж, уул хангайдаа залбирч явдаг. Энэ цаг үед ч бас олон сайхан алдартнууд маань хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтнууд хэд хэд төрлөө.

Шагнал гэдэг чинь манай танай нам гэж ялгаад, сонгуульд зориулж саймширч өгдөг эд биш. Хийх ёстой ажлаа хийсэн, авах ёстой эздэд нь гавьяаг нь үнэлж өгч байгаа төрийн хүндэтгэл. Тиймээс одон медаль эзнээ олох шиг сайхан зүйл хаа байх билээ.

-Та дээр яриандаа төрийн албанд бага залуугаасаа ажилласан гэж дурдсан. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг эргэж харахгүй бол гажуудсан тогтолцоо бий боллоо. Энэ тал дээр таны бодол?

Маш сайн анзаарсан байна. Чуулганы завсарлагаанаар бид нилээн хэдэн хуулийн төсөл дээр сууж байгаагийн нэг нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Орон нутагт төрийн албанд анх ажилд орж байгаа залуучууд өнөөдөр гар дээрээ 480 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ цалингаараа 5 жил нэмэгдэлгүй ажилладаг байна. Тэтгэврийн доод хэмжээнээс бага гэсэн үг. Халамж нь хөдөлмөрөөсөө давсан ийм урвуу тогтолцоо байж болохгүй л дээ.

Цаашлаад төрийн албанд ажилд орохын тулд заавал Төрийн албаны шалгалт өгч, тэнцсэн байх ёстой. Сул орон тоо сум, байгууллага бүрт байгаад байдаг, очиж ажиллах хүн байхгүй. Яг одоо манай аймгаар жишээ авахад 100 гаруй ажлын байр зарлагдчихсан байна. Ерөөсөө л бүх сумын төрийн байгууллага мэргэжилтэй боловсон хүчний дутагдалд орчихсон. Нөгөө шалгалтад өлхөн тэнцчих чадалтай залуус чинь 480 мянган төгрөгний цалингийн төлөө хөдөө ажиллахаар очихгүй байна.

Очсон нь удаан тогтохгүй ийм дүр зурагтай. Зах зээлд 1 шуудай гурил, 1 хонины мах, 1 л бензин ямар үнэтэй билээ. Түүнээс цааш анхдагч хэрэгцээгээ хангах өчнөөн зардлууд гарна. Гэтэл ийм цалингаар яаж амьдар гэх вэ. Төрийн албаны цалингийн асуудлыг хэлэлцэх, шийдэх цаг нь болсон. Бид нийгмийн баталгааг нь хангасныхаа дараа төрийн үйлчилгээний чанар хүртээмж, ажлын бүтээмж, орон нутгийн хөгжил цэцэглэлт энэ тэрээ ярина шүү дээ.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ