Улс төрийн намуудын тухай хуульд тендерт ялахын тулд намд хандив өгөхийг хязгаарлаж байгаа
2022.02.21
Улстөр

Улс төрийн намуудын тухай хуульд тендерт ялахын тулд намд хандив өгөхийг хязгаарлаж байгаа

“Улс төрийн нам ба тэгш гараа” уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр (2022.02.21) болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгийн үеэр төлөөллүүд УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж буй Улс төрийн намын тухай хуулийн төслийн агуулгад намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон зарцуулалтын ил тод байдлыг хангах, эмэгтэй, эрэгтэй улстөрчдийн тэгш гарааны нөхцөлийг хэрхэн хангах талаар санал солилцсон юм.

1990 онд улс төрийн намуудын хууль боловсруулж, 2005 онд шинэчлэгдсэн. Үндсэндээ шинэчлэл ороогүй ганц зохицуулалт. Тэр дундаа намын санхүүжилт бүрхэг байна. Монголын намуудын мөнгөний эх үүсвэрүүд далд байдаг. Хуульд зааснаас хэтрүүлэн зарцуулсан ч мэдүүлэхдээ нийцсэн тайлан өгдөг. Ямар нэг зөрчилд хариуцлага тооцдоггүй.

1990 оноос хойш 40 гаруй улс төрийн нам байгуулагдаж. Одоогоор 35 нам бүртгэлтэй байна. Гэтэл ихэнх нь сонгуулийн үед үйл ажиллагаа явуулаад, сонгуулиас бусад үед нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй. Нам бол албан тушаал олж авах бүлэглэл болж байна.

Намын тогтолцоогоо шинэчилж чадвал Монголын авлигын индексүүд буурна. Улс төрийн намд үүрэг оноодоггүй байсан. Тийм учраас энэ удаагийн төсөлд ард түмнээ төлөөлөх ёстой хамтын шийдвэр гаргадаг байгууллага байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн хүсэл бодлыг авдаггүй байсан. Мөн томоохон байгууллагуудаас бус гишүүдээс татвар авдаг боломж бүрдүүлнэ.

Өмнө нь УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгогдож байгаагүй. Шинэ хуулиар нэр дэвших боломжоор хангана. Мөн эмэгтэйчүүд, залуучуудыг бодлогоор дэмжинэ. Намын үйл ажиллагааг цахимаар явуулах боломжтой болно. Шилэн дансанд намууд санхүүгийн тайлангаа оруулдаг болно.

Намууд таван жилийн хугацаанд хурлаа хуралдуулахгүй бол намыг идэвхгүй ангилалд оруулна. Санхүүжилтийн тухай заалтууд уг хуулийн төслийн 60 хувийг эзэлж байна. Нам болгонд санхүүгийн асуудал хариуцсан ажилтантай болно. Намд олгож байгаа иргэдийн болон ААН-үүдийн хандивыг хязгаарлана. Тухайлбал, тендерт оролцсон ААН 4 жилийн хугацаанд намд мөнгөн хандив өгөх боломжгүй болно гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлж байна.

Мөн улс төрийн намд өгч буй иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн хандивыг хязгаарлах зохицуулалтыг хуульд оруулсан. Тухайлбал, иргэн нэг жилд таван сая хүртэлх төгрөг, аж ахуйн нэгж 20 сая хүртэлх төгрөгийг намд хандив болгон өгч болно. Мөн тендерт оролцсон аж ахуйн нэгж дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөх боломжгүй байхаар хуульчилсан. Тендерт ялахын тулд намд мөнгө хандив өгдөг байдлыг хязгаарлаж байгаа. Ингэснээр авлигын асуудал буурна гэж үзэж байна” гэлээ.

Сонгуулийн тогтолцооны тухайд “Манай улсын сонгуулийн хувьд асар богино хугацаанд их мөнгө гаргасан нэр дэвшигч ялах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, гарааны хувьд нэр дэвшигч болон намуудад тэгш бус боломж олгодог. Цаашид мөнгөний биш гарааны тэгш өрсөлдөөн бий болгохын тулд сонгуулийн зардал болон бусад механизмыг нарийн задлах шаардлагатай. Тухайлбал, Тайван, Өмнөд Солонгос зэрэг улс орны жишгээр сонгуульд нэр дэвшигч нарын бүх сурталчилгааг нэг ижил стандартаар хийж өгөөд нэг газар байрлуулдаг баймаар байна.

Нэр дэвшигч нарын хамгийн их мөнгө зардаг зүйл бол сэтгүүл хэвлэж тараах. Тухайн тойрогт нэр дэвшиж байгаа намуудад ижил хуудас зааж өгч болно. Нэг намд хоёр нүүр ч гэдэг юм уу. Ингээд адил зардлаар явуулах боломжтой. Сурталчилгаа болон сонгуульд ажиллаж байгаа ухуулагч нарын зардал хамгийн өндөр төсөв байдаг. Тэгэхээр энэ асуудлыг хязгаарлах боломжтой хэмээн оролцогчид ярьж байна.

ШИНЭ МЭДЭЭ