Оюуны өмчийн хууль, тогтоомжийн шинэчлэл сэдэвт сургалтыг зохион байгууллаа
2021.11.29
Эдийн засаг, Худалдаа

Оюуны өмчийн хууль, тогтоомжийн шинэчлэл сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Технологи Инновацийг Дэмжих Төвүүдийн (TISCs) албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюуны өмчийн хууль, тогтоомжийн шинэчлэл”сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Оюуны өмчийн тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуультай уялдаж Патентын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулиудад шинэчилсэн найруулга, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан оюуны өмчийн хууль, тогтоомжуудад орсон өөрчлөлтүүдийн гол утга санааг таниулж, хуулийг нэг мөр ойлгоход сургалтын үйл ажиллагаа чиглэлээ.

Сургалтад Шинжлэх Ухааны Академи (ШУА), Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), Мэдээлэл Технологийн Үндэсний Парк (МТҮП), Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС), Дотоод Хэргийн Их Сургууль (ДХИС), ШУТИС-ийн харьяа Эрдэнэтийн Технологийн Дээд Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Дээд Сургуулиудын 28 инноваци, технологи, судалгаа хөгжүүлэлт хариуцсан удирдах албан тушаалтан, албан хаагчид, багш, судлаачид оролцлоо.

Сургалтын үеэр Оюуны өмчийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр ШУА-ийн Инноваци, технологийн хэлтсийн дарга Д.Батхуяг болон МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэнг шагнаж, Монгол Улсад Технологи, Инновацийг Дэмжих Төвийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын орчинд бүтээгдэж байгаа судалгаа боловсруулалтын ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, нэмэлт орлогыг бий болгох боломжийг нэмэгдүүлж, улмаар оюуны өмчийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, дээдлэх хандлагыг төлөвшүүлэхэд манлайлан ажиллаж байгааг тусгайлан үнэлсэн.

Уг сургалтанд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Ганзориг, Шинэ бүтээл ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл, Бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.Оюунгэрэл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын ахлах шинжээч Б.Оюунцэцэн, Зохиогчийн эрхийн ахлах мэргэжилтэн Г.Ууганцэцэг нар мэдлэг, мэдээлэл хүргэж илтгэл тавилаа.

ШИНЭ МЭДЭЭ