МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан боллоо
2022.01.18
Барилга, Хот байгуулалт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан боллоо

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14 цаг 16 минутад ирц бүрдсэнээр эхлэв.

Хуралдаанаар Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, монгол хэл, уран зохиолын сурах бичгүүдэд үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай

Байнгын хорооны тогтоолын төсөл, Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл болон Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайланг хэлэлцэх гэсэн дөрвөн асуудал төлөвлөснийг Байнгын хорооны дарга Г.Дамдинням танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, монгол хэл, уран зохиолын сурах бичгүүдэд үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах ажлын хэсэг байгуулах шаардлагагүй талаар санал хэлж, саналаа тайлбарлав. Ингээд Л.Энх-Амгалан гишүүний гаргасан горимын саналаар дээрх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан байгуулж, тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа.


Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Дамдинням хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчныг сайжруулах чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулагдаж буйг тэмдэглэв.

Байнгын хорооны нэгдүгээр сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувийн саналаар дэмжиж, тогтоолын төсөл батлагдав. Тус байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сард Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Мөн Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсгүүд хуралдах болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явцын тайланг хэлэлцлээ. Ажлын явцын тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан танилцуулав.

Танилцуулгадаа, ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 10 удаа хуралдаж, ажлын явцтай танилцах, ажлын дэд хэсэгт үүрэг, чиглэл өгч ажилласан талаар тэмдэглэв. Ажлын хэсгийн хуралдаанаар ижил төсөөтэй хэрэгжүүлсэн төслүүдтэй танилцаж, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирох сайн туршлага болон бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг сонсож, алдаагүй хийх шийдэлд хүрч, ариун цэврийн байгууламжийн технологиудтай танилцан, ажлын дэд хэсгээс сонгосон төсөлд тохирох 2-3 технологийн мэдээлэлтэй танилцсан байна.

Мөн ажлыг шуурхайлах, төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх талаар ажлын дэд хэсэгт сануулж, үүрэг чиглэл өгөх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр холбогдох байгууллага руу албан тоот илгээж, үүрэг чиглэл өгсөн байна. Албан тоотоор 21 аймгийн Засаг дарга нарт захиалагчийн зүгээс хяналт тавих, ариун цэврийн байгууламжаа чанартай гүйцэтгүүлж, хүлээж авах чиглэл өгч ажилласан талаар ажлын хэсгийн ахлагч танилцуулав. Ажлын хэсгийн гишүүд аравдугаар сард Дундговь аймгийн Дэлгэрхангай, Эрдэнэдалай суманд баригдаж байгаа ариун цэврийн байгууламжтай очиж танилцсан байна.

Тэрбээр, төслийн хэрэгжилтийн талаар танилцуулахдаа …Улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой үйл ажиллагаа явуулж байна. Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг 4 багц /ээлж/ болгон шинэчлэхээр төлөвлөсөн.

I ээлж: 16 аймгийн 54 суманд 195 объект 15 багц /82 сургууль, 49 цэцэрлэг, 64 дотуур байр/ төсөвт өртөг 26,620.0 сая.төг,

II ээлж: 16 аймгийн 49 суманд 173 объект 16 багц /70 сургууль, 44 цэцэрлэг, 59 дотуур байр/ төсөвт өртөг 23,769.0 сая.төг,

III ээлж: 16 аймгийн 180 объект, IV ээлж: 16 аймгийн 170 объектод төсөл хэрэгжүүлнэ. Төсөвт өртөг 50,000.0 сая.төгрөг байна гэв.

Ажлын хэсгийн ахлагч мөн, цаашид ээлж тус бүрт анхаарах асуудлын зэрэгцээ санал, дүгнэлтээ танилцуулав. Дэд ажлын хэсгийн ажлын гүйцэтгэл хангалтгүй учир нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахад анхаарах, зураг төсвийг яаралтай батлуулж, ажлыг шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, санхүүжилтийг хууль тогтоомжийн хүрээнд олгох, гүйцэтгэгч компанийг хохиролгүй төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авах, Монгол Улсын Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад төслийн ажилд анхаарлаа хандуулах, чиглэл, зөвлөмж өгч ажиллах, 2022 онд төлөвлөсөн 816 байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах, ариун цэврийн байгууламж барих төслийн ажилд хариуцлага алдсан албан хаагчдад зохих хариуцлага тооцох гэсэн санал, дүгнэлт танилцууллаа.

Ажлын хэсгийн тайлан, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Б.Жаргалмаа нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн асуултад холбогдох яамдын албан тушаалтнууд хариулт өгөв. Тухайлбал гишүүн Ё.Баатарбилэг 2021 онд төлөвлөсөн ажил удааширсан учир 2022 онд энэ ажлаа бүрэн дуусгах шахуу төлөвлөгөөтэй ажилламаар байна, худалдан авах ажиллагааг эртхэн зарлах шаардлагатай гэж саналаа хэлэхийн зэрэгцээ 2022 онд бүрэн хийж дуусгахад хүндрэл гарах уу, дуусгах боломжтой юу гэдгийг салбарын сайдаас тодрууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2021 онд хариуцлага алдсан, удааширсан гол асуудал нь технологи сонгох гэж хугацаа алдсантай холбоотой. Одоо гэрээ цуцлах асуудал үүсвэл шүүхээр явж хугацаа алдах эрсдэлтэй. Бусад ажил хэвийн үргэлжлэх боломжтой талаар хариулт өглөө.

Ажлын хэсгийн тайлан, танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар тайланд үндэслэн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлах асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолын төсөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг Засгийн газарт өгөхийн зэрэгцээ тогтоолын хэрэгжилтийн тайланг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд 2022 оны зургаадугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлэв. Ингээд гишүүдийн хэлсэн саналуудыг тусган, Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжин, тогтоолын төсөл баталснаар хэлэлцэх асуудал дуусаж, хуралдаан өндөрлөв

ШИНЭ МЭДЭЭ