МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Т.Энхтүвшин: Хүний тоонд нь хамруулж улсын өмгөөлөгчдийг нэмэгдүүлэхэд нь онцгой анхаараач ээ

 Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2022.01.14/-ийн Нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Улсын өмгөөлөгч ажлаа хийж чадахаа больсон. Ачаалал ихтэй, цалин хөлс багатай, томилолтын зардал байхгүй, бензин шатахууны зардалгүй хүнд нөхцөлд ажлаа хийдэг. Тийм учраас томилолтын зардал, цалин хөлсийг нэмэгдүүлэх бололцоо боломжийг бид зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ хүмүүс яллагдагчийг өмгөөлөхөөс гадна хууль зүйн туслалцаа үзүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хөдөө орон нутагт хийж байх ёстой хүмүүс. Зардалгүйгээс болоод хийдэггүй.

Аймгийн төвд нэг л хүн байдаг. Энэ хүмүүсийн цалин хөлсийг шийдвэрлэж өгч байж соён гэгээрүүлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн ажил хийх бололцоо боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй. Тиймээс энэ хуулийг дэмжиж байна.

23 дугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын өмгөөлөгчийг орон байр, хүнс, тээвэр, холбооны хэрэгслээр хангах, томилогдсон албан хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх зардлыг орон нутгийн төсөвт санхүүжүүлж “болно” гэсэн хоёр утгатай заалт орж ирсэн байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Аймаг, нийслэлийн Засаг дарга, гэр бүлийн гишүүдэд нь тухайн жилийн төсөвт нь тусгаж, жил жилийн зардлыг тусгана гэсэн хэлбэрээр оруулахгүй бол болгоно гээд оруулахаар орон байр, тээвэр шатахууны зардал, томилолтын зардлыг нь суулгахгүй байх хоёр талтай юм болоод байна. Тийм учраас хуулиндаа тодорхой, Аймаг, Нийслэлийн жил жилийн төсөвт нь суулгана гэсэн заалт оруулахгүй бол су, дүүрэг шийдэж чадахгүй. Яагаад “болно” гэдэг үгээр оруулсан талаараа хариулна уу.

Хоёрдугаарт, чанарын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Аймагт очсон өмгөөлөгч ажлын ачааллаас үүдээд тогтвортой ажиллаж чадахгүй байгаа юм. Маш олон хүнд өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлдэг учраас зарим хэргийн материалтайгаа танилцаж амжилгүй шууд шүүх хуралд оролцож байгаа явдал ч бий.

Хүний тоонд нь хамруулж улсын өмгөөлөгчдийг нэмэгдүүлэхэд нь онцгой анхаараач ээ. Сүүлийн жилүүдэд их хэмжээний гэмт хэрэг зөрчлүүд гарч байгаа. Одоо шинэ хуулиар яллагдагчийг өмгөөлдөг байсан бол хохирогчийг өмгөөлдөг болж байна, захиргааны болон иргэний хэргийн тодорхой хэсгүүдийг өмгөөлдөг болж ачаалал нь улам нэмэгдэж байна. тиймээс орон тоо, бүтцэд нь анхаарч томоохон аймгууд, сумдад нэг өмгөөлөгч ажиллах бололцоо боломжийг хангаж өгөхөд ямар бодолтой байна вэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрхүү хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ