МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2022.01.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

Тэрбээр, ...тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй гурван саналыг хэлэлцэж, томьёоллыг боловсрууллаа. Үүнд, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “овгийг” гэснийг “овгийн нэршлийг” гэж өөрчлөх, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн 1 дэх заалтын 3 дахь дэд заалтын “Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганы хугацаанд” гэснийг “Улсын Их Хуралд 2023 онд багтаан” гэж өөрчлөх, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн 1 дэх заалтын 6 дахь дэд заалтын “уялдуулан” гэсний дараа  “хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах,” гэж нэмэн, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах болгож өөрчиллөө гэв.

    Танилцуулга, тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тогтоолын төсөл батлагдсанаар зардал, төсөв  нэмэгдэж байгаа юу гэдгийг тодруулахын зэрэгцээ төрийн бодлогын түвшинд хүн судлалын асуудал цэгцгүй байгаа талаар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн хариулт өгөв.

Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэснээр тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ