МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Цогтгэрэл: Улсын дээд шүүх манай талын Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр гэж үзсэн
2022.01.03
Улстөр

О.Цогтгэрэл: Улсын дээд шүүх манай талын Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр гэж үзсэн

УИХ дахь Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 
      УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ардчилсан намын бүлгийн гишүүд нэгдмэл ажиллаж байгаа. Бид парламентад бүлэгтэй намын хувьд эрх баригч намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй. Өнгөрсөн жилүүдэд ковидын үед ДНБ-нээсээ давсан зардал гаргаж, Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдлээ. Эрх баригч намын учир утгагүй шийдвэрүүдийн нөлөөгөөр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Өнгөрсөн долоо хоногт зарласан Шинэ сэргэлтийн бодлогоороо асар олон Төрийн өмчит компаниудыг байгуулах нь. Төрийн оролцоо улам бүр нэмэгдэх нь. Оны төгсгөлд инфляц хоёр оронтой тоонд хүрчихлээ. Цаашид эдийн засаг маш их эрсдэлтэй байна гэж бид харж байгаа.
Хоёрдугаарт, олон нийт Ардчилсан намын асуудалд анхаарал хандуулж байна. Оны өмнө Улсын дээд шүүгчдийн хуралдаан болсон. Анх О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэхээс татгалзлаа гэдэг мэдээлэл гарсан. Үүний дараа Ардчилсан намын Онц их хуралтай холбоотой нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл гарч, энэ хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн.  Мөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд хүчин төгөлдөр юм байна гэдэг чухал шийдвэр гарсан. Өнөөдөр Ардчилсан намын даргын асуудал эцэслэгдээгүй байгаагаас биш хоёр талд байгаа төлөөллийн байгууллагуудын асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, манай талд байгаа Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр гэж үзсэн.
 
    Өнгөрсөн жилийн төгсгөл хүртэл намын дотоод асуудлыг бид олон нийтэд мэдээлэхгүй гэж явсан. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын бүлгийн даргаас Д.Ганбатыг аравдугаар сард чөлөөлсөн. Д.Ганбат даргыг олонхын саналд хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ