МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Дамдинням: Нийгмийн дэг журмаас үнэтэй алдар хүнд гэж байж болохгүй
2021.12.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Г.Дамдинням: Нийгмийн дэг журмаас үнэтэй алдар хүнд гэж байж болохгүй

УИХ-ын гишүүн БСШУСн БХы дарга Г.Дамдинням “Тив, дэлхий, олимпийн наадамд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй” хэмээн өнгөрсөн долдугаар сард Байнгын хорооны хуралд хэлсэн нь олны анхаарлын төвд байна. Иймд дээрх асуудлаар ярилцсанаа хүргэе.


-Таны зүгээс эрүүгийн хэрэгт холбогдсон олимпийн тамирчдад насан туршид нь олгодог тэтгэмжийг зогсоох тухай байр сууриа илэрхийлсэн байна лээ. Яагаад ийм байр суурь илэрхийлэх болов гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

УИХ-ын БСШУ-ны байнгын хороо өнгөрсөн хаврын чуулганы төгсгөл буюу долдугаар сард Биеийн тамир спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн тайланг сонсоод Монгол улсын шигшээ багуудийг ирэх олимпийн наадамд бэлтгэх, олимпын болон нийтийн биеийн тамир спортыг дэмжих, ЕБС-иудын спортын тоног төхөөрөмж, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд олон заалттай Засгийн газарт чиглэл өгсөн томоохон тогтоол гаргасан. Энэ тогтоолын нэг заалтад олимп, дэлхий, тив олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь олгодог тэтгэлэгтэй холбоотой асуудлыг тусгасан. Олимп, тив дэлхийд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь цалин, урамшуулал олгодог орон дэлхийд бараг үгүй байх. Зөвхөн нэг удаагийн тэтгэмж олгоод л явдаг.

Үндсэндээ 50 гаруй тамирчинд мөнгөн тэтгэмж хэлбэрээр 1.5 орчим тэрбум төгрөг жилд зарцуулж байна. Цаашид энэ тоо өснө. Үүнд байнгын хорооны олон гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Тогтоолын хэрэгжилтийг 2022 оны хоёрдугаар сард багтаан буюу намрын чуулган дуусахаас өмнө Засгийн газраас УИХ-д танилцуулах ёстой. Өөрөөр хэлбэл энэ журам Биеийн тамир спортын улсын хороонд боловсруулагдаж, Засгийн газраар ороод Байнгын хороонд танилцуулагдах ёстой гэсэн үг. Энэ журам их учир дутагдалтай л даа. Хамгийн дээд  тал нь тамирчид 7-8 сая төгрөг сар бүр авдаг. Энэ хүмүүсийг хар залуугаар нь үндсэндээ тэтгэвэрт нь шууд гаргачхаж байна гэсэн үг. Эргээд ямар ч үүрэг хариуцлага тэдэнд байдаггүй.

Угтаа бол мөнгөн урамшууллийн зорилго нь Монгол түмний бахархал болсон олон улс, тив дэлхийд нэрээ гаргасан, тамирчдыг хүүхэд залуус, нийгэмд үлгэр дууриал үзүүлж нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд оролцож ёс зүйн өндөр хэм хэмжээг харуулж хувь нэмрээ оруулаарай гэж олгож буй “цалин” юм.

-Гэхдээ ямар зохицуулалт хийх ёстой юм бэ. Монголын нэрийг дэлхийд гаргасан хүмүүст урамшуулал олгох нь зөв гэсэн байр суурийг олон хүмүүс илэрхийлэх байх л даа?

-Амжилт гаргасан тамирчдаа урамшуулах нь зөв. Гэхдээ залуу наснаас нь эхлээд насан туршид нь тэтгэмж олгох учир дутагдалтай. Магадгүй нэг удаагийн амжилтыг нь тооцож нэг олимпийн циклд олгоод, тэгээд хожим нь тэтгэвэрт гарсан хойно нь цалинг нь нь үргэлжлүүлж олгодог байх зохицуулалтыг засгийн газар хийж болно. Ингэхгүй бол идэр, залуу ид хөдөлмөрлөх насан дээрээ байгаа хүмүүс зүгээр сууж байгаад “цалин” аваад байна шүү дээ. Гэтэл энэ цалингийн эх үүсвэрийг бий болгож байгаа татвар төлөгчид насан туршдаа ажиллаж байгаа. Шударга биш шүү дээ.

Хоёрдугаарт, энэ хүмүүс сар тутам ямар нэгэн ажил хийх ёстой. Цалин, урамшуулал гэдэг чинь ямар нэгэн байдлаар ажил хийсний төлөө олгож буй мөнгө. Энэ хүмүүс төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс дэмжлэг аваад олимпод оролцон шагнал авсан байгаа. Улсын болон ивээн тэтгэгчдийн зардлаар олимпод бэлдэж оролцдог. Нэг үеэ бодоход манай улс болон хувийн хэвшлийнхэн маань тамирчдаа болон спортыг сайн дэмждэг болж байгаа. Би хүртэл хэсэг найзуудын хамт сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ багийг үүсгэн байгуулалцаад олимпод анх удаа багийн спортын төрлөөр орж түүхэн амжилт гаргахад хувь нэмрээ оруулаад л явж байгаа. Тэгэхээр энэ улсын төсвөөс өгч байгаа “цалин”-г”магадгүй сардаа иргэд, залуучуудтай уулзсан уулзалт, сургалт семинарыг хийж, аймаг орон нутгаар соён гэгээрүүлэх, эрүүл амьдралын хэв маяг, хүмүүжилтэй холбоотой сургалт, яриа гэх мэт ажлыг хийж, үүнийгээ Биеийн тамир спортын хороондоо тайлагнасны дараа цалингаа авдаг  байдал руу оруулах ёстой.

Гэтэл бодит байдал дээр цалин авч буй тамирчид олон нийтийг хамарсан арга хэмжээнд уриад ирдэггүй. Тэгсэн мөртлөө гадуур нүцгэн шалдан гүйх, зодоон цохион хийх, эрүүгийн гэмт хэрэгт холбогддог байдал руу орж байгаа нь “цалин” өгөх нь зохистой юу гэдэг асуудал зайлшгүй яригдана. Бид энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй. Засгийн газрын журмыг өөрчлөх чиглэлийг Байнгын хорооноос Засгийн газарт өгсөн. Журам нь удахгүй боловсруулагдаад гараад ирэх байх. Одоогийн журмаар бол зөвхөн допингийн асуудалд орооцолдсон бол л тэтгэмжийг цуцлах заалттай. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдээд шүүхээр шийтгэгдсэн байсан ч энэ тэтгэмж олгогдоод явна. Энэ шударга биш шүү дээ. Тамирчин болхоос аваад альваа буруу зөрүү асуудалд орох хүртэл бүгд л тухайн хувь хүний л сонголт шүү дээ.

-Олимпийн тамирчдад мөнгөн тэтгэмж өгснөөр нь татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий зарцуулж байна гэж та шүүмжилж байгаа юм уу?

 -Тийм. Төрд мөнгө байхгүй. Төрийн мөнгө гэдэг татвартөлөгчдийн хөлс хүчээ шавхан байж бий болгосон л мөнгө байдаг. Энэ мөнгийг зүй зохистой зарцуулах ёстой. Зүй зохистой зарцуулаарай гэж биднийг УИХ-д сонгож явуулсан. Бид анхаарал тавих үүрэгтэй. Үргүй зардал гэх нь хаашаа юм. Яг үндсэндээ юу ч хийгээгүйн төлөө тамирчдад мөнгө өгч байна.

-Олимпийн аварга Н.Түвшинбаярын дуулиантай холбоотой таны бичлэгийг сэргээн гаргаж тавьсан юм байна гэж ойлголоо, зөв үү?

-Энэ бичлэг дээрх яриа хаа байсан долдугаар сард хаврийн чуулганаар байнгын хорооны хурал дээр хэлсэн үгний бичлэг л дээ. Гэхдээ сайн байна. Нийгмийн асуудлууд гарч байхад УИХ-ын гишүүдийн байнгын хороод, чуулган дээр хэлсэн үгийг сэргээн гаргаж ирж, нийтийн дунд төр засгийн байр суурийг хүргэж байгаа нь сайн хэрэг. Ямар үед хаана гаргаж ирж буй нь тэр хүмүүсийн л асуудал. Хэрэгтэй гэж бодоод л гаргаа байлгүй. Н.Түвшинбаяр аваргын хувьд хүндэлж явдаг бөх. Биднийг нэг удаа улсаар нь баярлуулсан түүхэн гавьяатан мөнөөсөө мөн. Алдаа дутагдал гаргадаггүй хүн гэж байхгүй. Гэхдээ ямар ч олимпын медаль хүний амь, нийгмийн дэг журмаас илүү үнэтэй байж болохгүй.

-Ганцхан Н.Түвшинбаярын жишээ ч биш л дээ. Спортынхны ёс зүй, зохисгүй авир, үйлдлийн талаар байнга хөндөгддөг шүү дээ?

-Биеийн тамир спортын хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг БСШУС-н байнгын хороо өнгөрсөн хавар гаргаад манай гишүүд их идэвхтэй, үр дүнтэй ажиллаж тайлангаа танилцуулсан. Нэг зүйлийг зориуд хэлчихье.

Нэгдүгээрт, спортын тамирчидтай холбоотой дуулиан, нийгэмд гаргаж буй зохисгүй үйлдлүүд, хоёрдугаарт спортын салбарын газар, үл хөдлөх хөрөнгийг луйвардсан асуудлууд гээд олон булхай байдаг. Харамсалтай нь энэ бүгдийг нь спортынхон маань өөрсдөө оролцож хийсэн байдаг. Энэ бүх луйварт манай нэртэй том тамирчид оролцоцгоодог. Тэгэхээр энэ асуудлыг шалгах ажлын хэсгийг бид гаргаж, тайланг хэлэлцээд гаргасан тогтоол юм.

Дээрээс нь тэтгэмж олгохдоо төр тэгш, шударга хандах ёстой юм. Бид  дэлхийд өрсөлдөнө, инноваци хийнэ, оюун ухаанаараа өрсөлдөнө гэж ярьдаг боловч эрдэмтдэд насан туршийн урамшуулал өгч байгаа билүү? Дээр нь соёл урлагийн чиглэлээр дэлхийд гарсан залуучуудад бас ийм урамшуулал өгдөг билүү? Спортын салбарынханд онцлоод  мөнгөн тэтгэмж өгч байхад тэдний зарим нь яагаад олны итгэлийг эвдээд байгаа юм.

Нийтийн эрүүл мэнд рүү чиглэсэн олон спортын төрлүүд бий. Бүх нийтийг эрүүл саруул болгоход багагүй хувь нэмрээ оруулж, улс орныхоо нэрийг гаргадаг олимпийн бус төрлүүд зөндөө бий. Фитнес, бодибилдинг гээд нэрлэвэл олон төрлүүд эрчимтэй хөгжих ёстой. Энэ хүмүүст яагаад цалин урамшуулал олгож болохгүй байгаа юм. Нэг хэсэг хүнд насаар нь “цалин” өгөөд байж болохгүй. Энэ урамшуулал аль болох олон хүнд, шударга олгогддог байх ёстой.

Жишээ нь дэлхийд 20-иос илүү улс орон оролцсон томоохон хэмжээний олимпийн бус төрлийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад засаг төр нь нэг удаагийн том урамшуулал олгодог. Энэ зарчим яагаад үйлчлэхгүй байгаа юм. Бусад төрлийн спортоо дэмжих нь төрийн үүрэг.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Боловсролын тухай багц хууль хэлэлцэгдэж буй. Энэ хууль батлагдсанаар боловсролын салбарт ямар ахиц гарах вэ?

-Боловсролын тухай багц хууль зургаан томоохон хууль өргөн баригдаж, манай байнгын хорооноос хэлэлцүүлэг хийж, улс орон даяар хэлэлцүүлээд явж байна. Одоогийн байдлаар 60 орчим мянган бичгэн, найман мянга орчим уулзалтуудын хүрээнд авагдсан саналууд ирсэн байна. Энэ зургаан багц хуулийг УИХ-ын 23 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг улс орон даяар хэлэлцүүлж байна. Мөн бүх 76 гишүүн бүр өөр өөрийн тойрогт хэлэлцүүлээд саналаа цуглуулж байна. Энэ намрын чуулганыг дуустал ирэх оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл орон даяар хэлэлцүүлэг явуулна. Чуулган завсарлах хугацаанд авсан саналуудаа нэгтгээд хуулийн төсөлдөө суулгана.

Ингээд ирэх оны гуравдугаар сарын 15-наас хаврын чуулган эхлэхээр Боловсролын тухай багц хуулиа захаас нь эхлээд батлуулж эхлэх төлөвлөгөөтэй байна. Дараа оны буюу 2023 оны улсын төсөв хэлэлцэгдэж эхлэхээс өмнө 2022 оны зургадугаар сард багтаан хуулиудаа батлах зорилго тавиад ачаалал ихтэй л ажиллаж байна.

-Жишээ нь ямар өөрчлөлтүүд оруулах юм бэ. Багш нарын ачаалал, цалин урамшуулал нэмэгдэх үү?

-Боловсрол шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсрол, дээд боловсрол, МСҮТ, судалгааны их сургууль, насан туршийн боловсрол гээд  бүх түвшинд судалгаа хийсэн байна лээ. Судалгааны дүнгээр ЕБС-ийн тухай хуульд гэхэд 40 гаруй удаагийн өөрчлөлт орсон байна. Зөвхөн нэг хуульд шүү дээ. Анхны батлагдсан хуулийн үзэл баримтлалаас зөрөөд, эргээд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байдалд хүрсэн байна. Хоёрдугаарт, цар тахлын нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдыг одоо байгаа хууль гүйцэхгүй байна.

Жишээ нь онлайнаар орж буй хичээлийг албан ёсны хичээл гэж үзэх үү үгүй юу. Одоогийн хуулиар бол албан ёсны хичээл биш. Тэгвэл энийг тооцох ёстой. Олон улсын хөтөлбөрийг дүйцэх тооцох тухай асуудал суугаагүй учраас хүүхдийн ачаалал асар өндөр болдог. Мөн багш нарын цалин урамшууллын систем, сургууль, цэцэрлэгийн санхүүгийн байдал, сургах гэж хичээдэг биш, сурахуй руу чиглэсэн өөрчлөлтийг хийх гээд энэ олон өөрчлөлтийг хуулиудын хүрээнд чадах чинээгээр хийхийг хичээж байна. Бүх оролцогч талуудыг оролцохыг урьж байгаа. Ингэж байж үр дүнтэй өөрчлөлт болно.

Боловсрол бол эцэг эхчүүд, сургууль, суралцагсад, багш нар гээд олон төрлийн оролцогч талуудын хамтын хүчээр бий болдог зүйл. Энэ хуульд эцэг эхчүүдийн үүрэг оролцоог тодотгон тусгаж өгч байна. МСҮТ-ийн салбар гэхэд сүүлийн 10 жилд маш хүнд байдал орсон. Нийт хүүхдүүдийн ерөнхий боловсролын түвшинг шалгахад 50 хувьд хүрэхгүй байна гэж БШУ яамнаас хийсэн судалгаа харуулсан байна. Энэ салбарыг буцаан боловсролын салбар луу нь татаж авчирна. СӨБ-н салбарт гэхэд ээлжийн багш нарыг бий болгохгүй бол хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс болоод баайна. Энэ мэтчилэн өөрчлөлтүүд хийхээр зорьж байна. Нэг зүйлийг зориуд хэлье. Нийгмийн хүлээлт асар өндөр байгаа. Гэхдээ бид нэг удаагийн дайралтаар бүгдийг өөрчилж чадахгүй. Аль болох боломжоор нь хүлээлтэд хүрэх гэж хичээнэ.

ШИНЭ МЭДЭЭ