МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Дамдинням: Эрүүгийн хэрэгт холбогдсон тамирчны урамшууллыг зогсоож, буцаан төлүүлэх ёстой
2021.12.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Г.Дамдинням: Эрүүгийн хэрэгт холбогдсон тамирчны урамшууллыг зогсоож, буцаан төлүүлэх ёстой

Олон улсын тэмцээн, олимпын наадамд амжилт гаргасан тамирчдад сар бүр 500 000-4 000 000 төгрөгийн урамшуулал олгодог. Насан туршид нь олгодог энэ урамшууллын журманд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням илэрхийлж байна. Тэрбээр

"Засгийн газрын журмаар олимп, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчин эрүүгийн хэрэг гэмт хэрэг үйлдсэн ч урамшууллаа насан туршдаа авах зохицуулалттай байгаа. Зөвхөн сэргээшийн асуудалд холбогдсон тохиолдолд энэ урамшууллыг олгохгүй гэсэн заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй.

УИХ, Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй. Олон сайн тамирчин, дасгалжуулагч, холбоод байгаа. Гэхдээ нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн доргино гэгчээр спортын салбарынхан та бүхэн өөрсдөө нэр хүндээ унагааж байгаа.

Олимп, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдад олгодог насан туршийн урамшууллын дүрэм журмыг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ хоёр зарчим барих ёстой. Нэгдүгээрт, олон хүнд хүртээмжтэй байх. Хоёрдугаарт, тамирчдын нийгэмд үзүүлж байгаа үлгэр дууриалалтай уяж холбох шаардлагатай.

Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг зогсоож, буцааж нөхөн төлүүлдэг болох ёстой. Ингэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө хэтэрхий шившигтэй зүйлд зарцуулагдаж байна”

гэсэн байр суурийг илэрхийлж, БТСУХ, Засгийн газар, холбогдох байгууллагууд урамшууллын журмыг өөрчлөхөд анхаарч ажиллахыг хүслээ.

Тамирчдад сар бүр олгодог урамшууллын хэмжээ

1. Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөг

2. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөг

3. Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг

4. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг

5. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөг

6. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшууллыг олгож байна.

Б.Хэрлэн

ШИНЭ МЭДЭЭ