http 103
2021.12.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Аубакир: Газар тариалангийн бодлогод төлөвлөлт шаардлагатай байна

Өнөөдөр /2021.12.15/ Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Ажлын хэсгийн гишүүний хувьд хэд хэдэн санал хэлье. Манай ажлын хэсэг яг өнөөдөр тулгамдсан байдал гэхээсээ цаашдаа Монгол Улсын төр хөдөө аж ахуйн талаар ямар бодлого барих юм бэ, өнөөдрийн нөхцөл байдлыг үзэж хараад мониторинг хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг ажилласан гэж ойлгож байна. Прагматик байдлаар хандая л даа. Яваад ирсэн гишүүд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газар тариалан, мал ах ахуйн нөхцөл байдал ямар байгаа юм бэ?

Өнгөрсөн хугацаанд каратины үед хомсдолд ороогүй хоёрхон бүтээгдэхүүн бол мах, гурил хоёр байгаа. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар үүргээ гүйцэтгэж байгаа гэж ойлгож байгаа. Импортоор авдаггүй хоёрхон төрлийн бүтээгдэхүүн шүү дээ. Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа мах бэлтгэгчид, газар тариаланчиддаа бид баярлалаа гэж хэлэх ёстой. Аливаа юмыг харлуулах гээд шүүмжлээд суугаад байх амархан байх.

Цаашдаа бид ямар бодлого баримтлах ёстой, ямар зүйлсийг сайжруулах ёстой юм бэ? Өнгөрсөн хугацаанд явж байхад газар тариалангийн бус нутагт газар тариалан эрхлэгчдээс гарч буй маш том санал бол урамшууллыг бид цаашдаа яах ёстой юм бэ? Бэлэн мөнгөөр өгч байсан урамшуулал маань тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэжээ. Цаашдаа бид бэлэн мөнгө өгөөд байх юм уу? Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд Монгол Улсын газар тариалан эрхэлж байгаа газраа бордоогоор хангасан, энэ урамшууллаа бордоогоор хангах нь зөв юм бишүү гэсэн хөдөө аж ахуйн бодлогыг би дэмжиж байгаа. Нэгэнт бордоо авсан газар тариалангийн хүн түүнийгээ цааш нь зарж борлуулж, идэж ууж үрэх биш газартаа л хийнэ, газрын үржил шим дээшилнэ. Тэгэхээр цаашдаа урамшууллын бодлогыг бордоондоо чиглүүлбэл яасан юм бэ?

Х.Болорчулуун дарга аа, бид нар байнгын хорооноос Засгийн газар, Хөдөө аж ахуйн яаманд тодорхой чиглэл өгөх ёстой. Үүнийг хууль боловсруулаад чиглэл өг гэх ёстой, байнгын хороо. Тиймээс урамшууллынхаа хэлбэрийг өөрчилбөл яасан юм бэ? Түрүүн Ц.Туваан гишүүн хэллээ. Монгол Улсын газар тариалангийн бодлогод төлөвлөлт гэж юм маш хэрэгтэй болсныг ажлын хэсэг хөдөө газар явж ирээд ойлголоо.

Нэг жилдээ улаанбуудайгаа их тарьчихдаг, эсвэл тосны ургамлаа их тарьчихдаг. Лууван өндөр үнэтэй байна гээд бүгд лууван тарьдаг. Нөгөө талдаа төмс, нарийн ногооны баланс нь уначихдаг. Тийм учраас Жаргалант сум энэ жил тэдэн га төмс тарина шүү, Борнуур луувангаа тэдэн га тарьчихаарай гэж ямар байдлаар зохицуулдаг юм байгаа юм. Хөдөө аж ахуйн нөхдүүдтэй ярилцсан. Бодлого гэж юм зайлшгүй байх ёстой юм байна гэдгийг ойлгосон, хоёрдугаарт.

Гуравдугаарт, Хөдөө аж ахуйн яамны техникийн нийлүүлэлтийн асуудлаа бид цаг үе, технологийнхоо өөрчлөлттэй зохицуулж техник захиалгаа хийе гэдэг саналаа яамны нөхдүүдэд бид хэлсэн. Трактор нь орж ирэхэд ард нь таардаг агергатор нь орж ирдэггүй юмуу асуудал дээр судалгаатай явья.  

Дөрөвдүгээрт, газар тариалангийн бүс нутагт 2018 нд Засгийн газрын 131 дугаар тогтоолоор бүс нутгийг тогтоож өгсөн. Саяхан малын тоо толгой татварын тухай хуулийг баталсан. 2018 онд газар тариалангийн бүс нутгаар зарлагдсан бүс нутгийнхаа татварыг нэмэгдүүлэхгүй бол газар тариалан, мал аж ахуй гэдэг 2 салбар маань нэг нэгнээ залгих нь ээ. Энэ бол маш бодитой.

Газар тариалангийн бүс нутгаар явж байхад ярьж байгаа юм нь бид нар малдаа бариулж идүүллээ гэсэн. Үүнд Хөдөө аж ахуйн яамныхан судалгаа хийгээд явж байгаа юм билээ. Зөрчлийн хуулиар арга хэмжээ авч торгуулийг нь өндөрсгөх ч юмуу түргэн шуурхай торгодог, үгүй бол малын хөлийн татвараараа зохицуулах юм уу? Хөдөө аж ахуйн яамныхан ажиллаад явж байгаа юм билээ.

Би зарим нэг судалгааг нь харсан. Яамныхан байнгын хороотойгоо ойрхон байж хийж байгаа ажлуудаа тайлбарлаад явбал ахицтай саналуудыг яриад л байдаг, бодлогын түвшиндээ танилцуулахгүй байгаа дутагдал байна. тиймээс 131 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотой газар тариалангийн бүс нутгуудынхаа малыг яаж зохицуулах юм бэ?

Өнөөдрийн байдлаар газар тариалангийн бүс нутгууд дээр малчин, тариаланч хоёрын хоорондох зөрчлийг арилгахад бид тодорхой хэмжээний зохицуулалтуудыг хийх ёстой. Дээрээс нь хашаажуулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай юм байна.

Төв аймгийн сумдуудад хашааны асуудлыг ярьж байна лээ. Үдшийн бүрийгээс үүр цайтал малтай хөөцөлдөж байгаагаа Жаргалант суманд очиход хэлсэн. Шөнөжингөө адуу малтай хөөцөлддөг. Тэгтэл зуун хэдэн сая төгрөгний улаанбуудай хураах талбай руу 2 азарга адуу ороход л үндсэндээ байхгүй бол комбайн ороод хоосон тачигнаж байгаа шүү дээ. Тиймээс хашаажуулалтынхаа асуудлыг бодлогын түвшинд шийдэх нь зөв юм байна.

Дээрээс нь эрчимжсэн мал аж ахуйг газар тариалангийн бүс нутагтайгаа холбож өгөхгүй бол хөгжихгүй. Уламжлалт аргаар хагас эрчимжсэн буюу эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд эхлээд туршилтын маягаар газар тариалангийн бүс нутагт эхлүүлэх нь зөв юм шиг санагдаад байна, Х.Болорчулуун даргаа.

ШИНЭ МЭДЭЭ