http 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Эдийн засгийн хөгжлийн яам хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлж ажиллах ёстой
2021.12.01
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: Эдийн засгийн хөгжлийн яам хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлж ажиллах ёстой

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Саяхан нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах талаар ярьж эхэлсэн. Ингэхдээ давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх асуудлыг оруулж ирнэ гэсэн яриа байна. Таны хувьд энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Гол бодлогын яамдууд хоёр жилийн хугацаанд давхар дээлтэй дөрвөн  сайд, бусад нь дан сайд нартай явж үзлээ. Чухал болон бодлогын хуулиуд УИХ-д орж ирэхэд дан дээлтэй сайд нар орж ирэхгүй, асуудлыг хамгаалж чадахгүй байгаа зүйл ажиглагддаг. Тиймээс гол яамдууд дээрээ яалтач үгүй давхар дээлтэй сайд нар байвал илүү тохиромжтой, бодлого илүү хэрэгжих юм болов уу гэж харж байгаа. Миний хувьд хэдэн сайд давхар дээлтэй байх нь тийм чухал биш.

-Манай улс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж батлаад удаагүй байна. Үндсэн хуулийг баталсан бол дахин “гар дүрэх” нь найман жилийн хугацаанд хязгаарлагдсан байдаг. Тэгэхээр Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах боломжтой юм уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх нь одоохондоо тодорхой болсон зүйл байхгүй. УИХ, намын бүлэг дээр ч яригдсан зүйл алга. Тиймээс надад энэ талаарх тодорхой мэдээлэл алга байна. Өмнө хөндөөгүй асуудлуудаа хөндөж, засаж залруулж болох юм байна гэж ойлгосон.

-Он гараад хоёр шинэ яам байгуулна. Тухайлбал, манай улс өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яамтай байж үзсэн. Сайн ажиллаж чадаагүйгээс татан буулгасан байдаг. Тэгвэл одоогийн байгуулах яам хэрхэн ажиллах бол. Хүлээлтэд хүрч чадах уу?

-Шинээр Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулах гэж байна. МАН-ын XXX  Их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад жинхэлнэ гэсэн үг. Энэ цаг үетэй холбогдуулан хамт хоёр шинэ яам байгуулж байгаа нь өнөөгийн Ерөнхий сайд буюу намын дарга өөрийн бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор байгуулж байгаа гэж харж байна. Хоёр яамны хувьд Монгол Улсад зайлшгүй байх ёстой.

Учир нь, Сангийн яам цэвэр орлого, зарлагаа хянаад явдаг. Ингэхдээ зарлагаа бага байлгах талд гол анхаарлаа хандуулчихдаг. Орлого төвлөрүүлэх талд төдийлөн хангалттай сайн ажиллаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бондуудтайгаа зууралдсаар байгаад жил өнгөрчихөөд байгаа юм. Ирэх оны төсөв батлах үеэр УИХ оновчтой хөрөнгө оруулалт талд маш их маргаантай байлаа. Цаашид хөрөнгө оруулалтын асуудлыг илүү оновчтой болгох үүднээс хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэх ёстой. Ингэхдээ хоёр талаас харах ёстой. Нэгдүгээрт, эдийн засгийн үр өгөөжийг харж эрэмбэлэх. Хоёрдугаарт, нийгмийн хөгжлийн үр өгөөж талаас нь эрэмбэлж хөрөнгө оруулалтыг тавих ёстой. Яагаад гэвэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалт хийх боломжтой дүн нь хязгаарлагдмал байдаг.

Дутууг нь гадаадын зээл тусламжаар хааж л явдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтад гаднаас зээл авах боломж хязгаарлагдмал байгаа. Бид зээлийн таазанд тулахад маш ойрхон болсон байна. Тиймээс байгаа жаахан нөөцөөрөө хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, оновчтой болгох зайлшгүй шаардлагатай. Үүнийг хийж, ярьж байгаа төрийн байгууллага өнөөдөр байхгүй байна. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яам хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлж, хамгийн үр өгөөж өндөртэй зардлууд руу хөрөнгө оруулалт хийх, боомтын нэвтрүүлэлтийг сайжруулах, арьс, ширний боловсруулах үйлдвэрүүдээ барих, ядаж зэс баяжуулах үйлдвэрээ өөрсдөө барих ёстой.

Түүнчлэн боомтуудын нэвтрэлт хязгаарлагдмал байгаа одоогийн нөхцөлд иргэний агаарын тээвэр тэр дундаа каргоны агаарын тээврийг хөгжүүлж, дотооддоо ч хөгжүүлэх ёстой. Учир нь, коронавирусийн халдвар дарагдахгүй л бол байнгын хилийн хязгаарлалттай байх нөхцөл байдал ажиглагдаж байна шүү дээ. Энэ боомтын асуудлыг шийдэж чадахгүй бол нэгдүгээрт, дотооддоо хүнсээ 100 хувь хангачихдаг болмоор байна.

Хоёрдугаарт, дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн агаарын тээврийн  зардлыг даах хэмжээний зардалтай нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Тухайлбал, цэвэр зэсийг үйлдвэрлэж чадвал монголдоо хүртэл борлуулах боломжтой бүтээгдэхүүн. Тэгэхээр бид цаашдаа энэ чиглэлийг хөгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, дэлхий даяар компьютерийн микро чипний гачигдалд орчихсон байна. Бид энэ талд хөгжүүлэлт хийгээд явах хэрэгтэй. Энэ чиглэлээр Эдийн засгийн хөгжлийн яам ажиллах ёстой.

-МАН-ын Их хуралаар одоогийн Ерөнхий сайдыг шууд намын даргаар батламжлах юм уу. Аль эсвэл заалнаас нэрээ дэвшүүлж өрсөлдөх боложтой юу?

-Намын дарга угаасаа нэр дэвшээд явах байх. Гэхдээ намын дүрмээр заалнаас нэр дэвших үүд хаалга нь нээлттэй байдаг.

-МАН хүний эрх, авлигын эсрэг онцгойлон анхаархаа мэдэгдсэн. УИХ дээр ч Авлигын эсрэг бүлэг байгуулагдаад байна. Тэгэхээр Их хурлаараа авлигын дорвитой ярилцаж, шийдэлд хүрч чадах болов уу?

-Шинэ намын дарга маань авлигын эсрэг хүчтэй дуугардаг. Өмнөх дөрвөн жил сул гишүүн байхдаа ч авлигын эсрэг бүлгийг ахалдаг, авлигын эсрэг дуу хоолойгоо хүргэдэг байсан. Цаашид нь энэ тэмцлээ үргэлжлүүлнэ гэж ярьж байгаа. Үүнтэй холбоотой хууль эрх зүйн шинэчлэлийн ажил идэвхтэй өрнөж байна. Жишээлбэл, миний бие Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байна. Энэ хуулиар хоёр чиглэлд онцгой анхаарч байгаа. Өнөөдрийн байдаар 1500 гаруй зөвшөөрөл олгож байна. Тиймээс  гарын үсэг зурдаг энэхүү цаасны тоог бууруулахаар ажиллаж байна. Зөвхөн хуулиар эрх авсан байгууллагуудад зөвшөөрөл олгоно. Нэг ёсондоо салбарын хуулиар эрх авсан байгууллага зөвшөөрөлтэй байхаар, бусад шаардлагагүй зөвшөөрлийг бүгдийг байхгүй болгоно гэсэн үг. Ингэснээр бизнес эрхлэх боломжууд нээгдэнэ.

Дээрээс нь аль нэг даргын үүд хаалга сахих шаардлагагүй болно. Хоёрдугаарт, процессыг ил тод, шилэн болгож байгаа. Тодруулбал, өргөдлөө өгөөд яг тодорхой хугацаанд зөвшөөрсөн, эсвэл татгалзсан хариугаа авдаг байх. Татгалзсан бол хуульд заасан үндэслэлээр татгалзана. Хэрэв тухайн иргэн, хуулийн этгээдэд хариу өгөхгүй байвал зөвшөөрөл олгосонд тооцдог болно гэсэн үг. Тухайн эс үйлдлээрээ оролцохгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцдог механизмыг тусгаж өгсөн зэрэг процесс нь аль болох бүгдийг цахимжуулж, тодорхой хугацаа зааж өгнө.

Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгалийн нөөц болон байгалийн нөөцийг ашиглах харилцаанд зөвшөөрөл олгодог байхаар зорьж байна. Үүгээр эргээд авлигын асуудал багасна гэж үзэж байна.

-Ирэх оны төсөвт үр ашиггүй зардал тусгасан гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Тухайлбал, “Богд Зонхова” хөшөөт цогцолборын 32 тэрбум төгрөгийн төсөв байна. Үүнийг санхүүжүүлэхгүй гэж байгаа. Хууль болоод баталчихсан байхад энэ санхүүжилтийг шууд  царцаах боломжтой юу?

-Одоо түүнийг өөр зүйлд зарцуулж болохгүй. Салбарын яам нь хөрөнгө оруулалтыг царцаана гэж мэдэгдсэн. Төсвийн тодотгол орохгүй л бол царцаана гэсэн үг л дээ. хууль хэрэгжих, хэрэгжихгүй талд дээр санаачилсан гишүүд, салбар яам нь хэлэлцэлд хүрэх байх гэж харж байна. Дээр нь Засгийн газрын тэргүүн нь энэ талд өөрийн байр суурийг илэрхийлэх ёстой байх гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ