МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорнод аймагт Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
2021.11.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Дорнод аймагт Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баярсайхан, А.Адьяасүрэн, Г.Ганболд нар өнөөдөр /2021.11.20/ Дорнод аймагт ажиллаж, УИХ-аас шинээр баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, хэлэлцүүлгийн шатанд байгаа зарим хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн албаны тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн талаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

УИХ-аас 2019 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар чадахуйн зарчим, шатлан дэвших тогтолцоонд суурилсан улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн итгэл хүлээсэн, ёс зүйтэй төрийн албыг цогцлоон хөгжүүлэх зорилтыг тавьсан. Энэ хүрээнд уг уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд төрийн албаны ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, төрийн албаны томилгоонд алдаа дутагдал гаргахаас урьчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, орон нутгийн албан хаагчдын саналыг сонссон юм.

Тус аймгийн хувьд хүний хөгжлийн индексээр сүүлийн жилүүдэд 21 аймгаас тогтмол эхний байруудад эрэмбэлэгдэж байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бид орон нутгийн төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

2020 оноос эхлэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан сургалтыг орон нутгийн төсвийн 7,5 сая төгрөгийн хөрөнгөөр үнэ төлбөргүй зохион байгуулж туршлагатай мэргэшсэн төрийн албан хаагчид, Дорнод Их Сургуулийн багш нарыг түшиглэн хичээл явуулж байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдийн 70 хувь нь тус сургалтад хамрагдсан.

Төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулах замаар сумдын төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилготой аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” зорилтот төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж 74 оюутанд 270.193.760 төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэгт олгосон байна.

Тус тэтгэлэгт хамрагдан суралцаж буй оюутнуудаас 14 оюутан хүний их эмч, сувилагч, малын эмч, био анагаах, багш зэрэг мэргэжлээр төгсөж 9 сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлсэн. Төрийн байгууллагад шинээр томилогдсон албан хаагчдад ажлын чиг баримжаа олгох, байгууллагын соёл, үйл ажиллагаанд дадлагажуулах, төрийн бодлогын залгамж чанар, мэргэшсэн албыг бэхжүүлж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж 14 сумын төрийн байгууллагад Ахмадын зөвлөх үйлчилгээ ажиллуулж байгааг Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн танилцууллаа.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, ёс зүйн зөвлөлүүдийг бэхжүүлэхтэй холбоотой шинэчлэлийн талаар танилцуулав. Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын хэлтсийн дарга Л.Санжаарагчаа “Цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагыг нэвтрүүлэх нь” сэдвээр сургалт явууллаа.

Төрийн албаны тухай хууль батлагдаж, орон нутагт хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажил өрнөж байна. Мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх үүднээс төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр анхаарч ажиллаж байгааг Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Нандин-Эрдэнэ хэллээ. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад бэлдэх төлбөргүй сургалтыг зохион байгуулдаг. 2021 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрийн шалгалтад сургалтад хамрагдсан 180 иргэний 138 нь оролцож, 43 иргэн буюу 30 хувь нь тэнцжээ.

Орон нутгийн онцлог, төрийн албаны нөөц боломжоос шалтгаалан сүүлийн гурван жил сум бүрээс хоёр иргэний сургалтын төлбөрийг даан сургаж, төрийн албаны нөөцөө бүрдүүлж эхэлжээ. Энэ оны байдлаар таван иргэн сургуулиа дүүргэж, төрийн албанд томилогдсон байна. Зарим сумдад эмч, багш дутагдалтай бол зарим газар төрийн жинхэнэ албан хаагчийн дутагдалтай байдаг. Нийтлэгээр сумдад анхан шатны мэргэжилтнүүд, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, малын эмч, хүний их эмч, сувилагчийн дутагдалтай байдаг байна. Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт 120 гаруй сул ажлын байр байгаа бөгөөд төрийн албаны салбар зөвлөлөөс дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.

Эдгээр сонгон шалгаруулалтын дүнд 32 албан тушаалд томилгоо хийсэн байна. Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн хувьд орон нутагт тэр дундаа суманд ажиллах сонирхолгүй байдгаас хүний нөөцийн хомстол үүсэх нэг шалтгаан болж байна. Тиймээс орон нутагт ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч, эдийн засгийн болон нийгмийн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн орон нутагт төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог шатлан дэвших зарчмаар нөхөхөд хугацаа хүрэхгүй, албан тушаалын зэрэглэл хангахгүй байх хүндрэл гардгийг харгалзан үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд уян хатан зохицуулалт оруулж, өөрчлөх хэрэгтэйг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа.

Мөн энэ үеэр 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг танилцуулж, санал солилцов.

Сумын Иргэний төлөөлөгчдийн хурлыг чадавхжуулахад шаардлагатай төсөв, санхүүжилтийг шийдэх шаардлагатай. Багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг ажлын бүтээмж, үр дүн, гүйцэтгэлээр нь урамшуулах тал дээр анхаарч, төсвийн асуудлыг зохицуулах журмыг Засгийн газраас яаралтай батлах хэрэгтэйг Дорнод аймгийн Дашбалбар сумын ИТХ-ын Тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга М.Гансүх хэллээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Ш.Ёл болон аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба, агентлаг хэлтсийн удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, төрийн албан хаагчид, төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд оролцов.

ШИНЭ МЭДЭЭ