2021.11.16
Улстөр

Ц.Мөнхцэцэг: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр сонгогдвол хамгийн эхэлж ямар ажлыг хийх вэ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.15) хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ШЕЗ бол шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчдийг шилж олох гол байгууллага. Гэтэл өнөөдрийг хүртэл ШЕЗ-ийн гишүүдийн томилгоо олон нийтээс далд улс төрийн нөлөөн  дор байж болохуйц, хуульчдийн болон мэргэжлийн хүний оролцоогүй явагдаж ирсэн. Энэ нь шүүхийн шударга бусын хонгил үүсэх гол эх үүсвэр байсан юм. Шүүхийн тухай хуулиар анх удаа ШЕЗ-ийн шүүгч бус 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, ХЗБХ-д анх удаа ШЕЗ-ийн гишүүдийг хэлэлцэж байгаа нь Монгол Улсын шүүхийн практик, шударга ёсны үйл хэрэгт томоохон дэвшил гэдгийг онцлон хэлэх ёстой.

Тэр дотроосоо 29 хүн нэр дэвшсэн ШЕЗ-ийн мэргэжлийн ажлын хэсэг, маш олон байгууллагуудын төлөөлөл орж сонгон шалгаруулж, ярилцлага мэдээлэл авч, нээлттэй болон бичгээр маш олон төрлийн мэдээлэл авч, нууц санал хураалтаар 6 хүн шалгарсны 5 нь эмэгтэй байгаад ХЗБХ-ны ганц эмэгтэй гишүүний хувьд талархаж байна.

Хууль зүйн салбарт мерит зарчмаараа манлайлан гарч ирж байгаа бол үнэхээр гэрэл гэгээтэй, нэмээд шүүхийн салбарын ирээдүйг харуулсан сайхан зүйл байна. Яагаад ингэж хэлэв гэхээр монголын нийгэмд эмэгтэй хүн ажил мэргэжилдээ зүтгэхээс гадна гэр бүл, үр хүүхэддээ асар их анхаарал халамж тавьдаг. Давхар ачаа үүрдэг. Тэр байтугай нийгэм эмэгтэйчүүдэд хүнд хариуцлага ноогдуулдаг. Эрэгтэй хүнээс нэхдэггүй хатуу шаардлага, өндөр хариуцлага нэхдэг ийм нийгэмд шүүх засаглалын хамгийн том, институцид нэр дэвшин гарч ирж байгаа эмэгтэйчүүд бахархах зүйл гэдгийг онцломоор байна.

Ихэнх нь мерит зарчмаар тодорсон, гадаад дотоодод эрдмийн зэрэг хамгаалсан, эрх зүйн 2 ч доктор байна. Нийтийн эрх зүй, нотариат, өмгөөлөл, төрийн алба гээд салбар бүртээ мэргэшсэн нэр дэвшигчид байгаад бүгдийг нь дэмжиж байна.

Нэр дэвшигчдээс хоёр асуулт асууя. Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан “Шүүхийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэл” бол ШЕЗ-ийг гол үүрэг байгаа. Энэ чиглэлээр та бүхэн ШЕЗ-ийн гишүүн болвол юу хийх вэ?

Хоёрдугаарт, Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан нөлөөллийн мэдүүлэгтэй холбоотой. 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ёстой. Гэхдээ нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүйн төлөө сахилга, ёсзүйн шийтгэл оногдуулаагүй байсан учраас судалгааны баримтуудаас үзэхэд маш олон шүүгчид хэрэг маргаан шийдвэрлэх явцад ойр дотны, хэвлэл мэдээллийн эсвэл хамтран ажиллаж байгаа бусад шүүгчдийн зүгээс нөлөө дарамт ирж байсан гэж хариулдаг боловч яг ШЕЗ-дөө нөлөөллийн мэдүүлгээ бөглөдөггүй гэсэн баримтууд их байдаг учраас бид мэдүүлгээ хөтлөөгүй шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилж өгсөн.

ШЕЗ-ийн гишүүн болбол журамд ямар өөрчлөлт хийх вэ?

ШИНЭ МЭДЭЭ