Ерөнхий сайд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг гуравдугаар тундаа хамрагдахыг уриаллаа
2021.11.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ерөнхий сайд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг гуравдугаар тундаа хамрагдахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэнтэй танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Үзэсгэлэнд оролцогчдыг КОВИД-19-ийн халдварын эсрэг 3-р тундаа хамрагдсан эсэхийг шалгаж нэвтрүүлж байсан. МҮХАҮТ-д болж буй энэ үзэсгэлэнд оролцогчдод зориулан дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж, вакцины 3-р тундаа хамрагдах боломжоор хангаж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээсэн. Бид нэмэлт 3-р тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл одоо мөрдөж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшингээс “Шар” түвшин рүү шилжүүлэх стратеги барьж байна. Дэлхий даяар цар тахлын дельта хувилбараас сэргийлэхийн тулд вакцины 3-р тунг тарих нь үр дүнтэй гэсэн дүгнэлт хийж, 30 гаруй улс хүн амаа нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Засгийн газраас иргэдийг 3-р тунд хамруулах ажилд бүх төрлийн дэмжлэг үзүүлнэ.

Иргэд, аж ахуйн нэгж 3-р тундаа идэвхтэй хамрагдаж, цар тахлын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, хөл хориогүй, энгийн амьдрал руу үе шаттай шилжихийг уриалж байна” гэв.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудын захиалгаар явуулын дархлаажуулалтын багууд 3-р тунг очиж хийж байна.

Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн зарлаж, бодлогоор дэмжиж байгаа билээ. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнг Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд соёлын бүтээлч үйлдвэрлэгч 100 аж ахуйн нэгжийн 300 бүтээл оролцож байна.

Монгол Улсад жижиг дунд үйлдвэр үйлчилгээний 62,263 аж ахуйн нэгж, 906,495 ажилтан байна.

Тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18.3, нийт экспортын 2.4 хувийг бүрдүүлдэг томоохон салбар гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод “Энэ оны гуравдугаар сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар “Монгол соёл-Монголын баялаг” цогц хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн логистик сүлжээ бүхий Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж, энэ чиглэлийн аж ахуйн нэгж, иргэдийг нэгтгэнэ. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах юм. Соёлын баялаг бол Монгол Улсын тогтвортой хөгжлийг бий болгоход чухал үүрэгтэй шавхагдашгүй нөхөн сэргээгдэх нөөц юм” гэв.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд 12 салбар багтдаг. Энэ салбарт 11,600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5,600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Нийтдээ 33,600 хүн идэвхтэй ажиллаж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувийг бүрдүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ