МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Их соёл-Эх үндэс” болон “Шинэ хөдөө” төслүүд амжилттай хэрэгжиж байна
2021.11.03
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Их соёл-Эх үндэс” болон “Шинэ хөдөө” төслүүд амжилттай хэрэгжиж байна

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт хэрэгжиж буй “Их соёл-Эх үндэс”, “Шинэ хөдөө” төслүүдийн хүрээнд зорилтот сум, байгууллагуудад батламж, тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагааг энэ сарын 2-нд зохион байгууллаа.

Дээрх төслүүдийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг санаачлан 2021 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн хавсралтаар батлуулан хэрэгжүүлж байгаа ажээ.

“Их соёл-Эх үндэс” төслийн хүрээнд амйгийн БСУГ-т 78,4 сая төгрөгийн 41 ширхэг зөөврийн компьютер, “Хүмүүнлэг” сургуульд 25 ширхэг зөөврийн компьютер, үндэсний хөгжмийн зэмсэг, ухаалаг дэлгэц, технологийн хичээлийн тоног төхөөрөмж, сурагчийн ширээ, сандал зэрэг нийт 25 нэр төрлийн 196,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгт компьютер, үндэсний хөгжмийн зэмсэг, гадна тоглоом, тавилга, гал тогооны тоног төхөөрөмж зэрэг нийт 33 нэр төрлийн 103,1 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Мөн тус төслийн хүрээнд аймгийн Музейд 100,0 сая төгрөгийн цахим музейн 19 нэр төрлийн тоног төхөөрөмж, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт 33 нэр төрлийн 50,0 сая төгрөгийн дуу бичлэгийн студийн тоног төхөөрөмж, Төв халхын дуулалт жүжгийн театрт 50,0 сая төгрөгийн гадна лед дэлгэц зэрэг нийт 478,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Түүнчлэн 15 сумын 21 цэцэрлэг, 19 сургуульд тус бүр 1 ширхэг зөөврийн компьютерыг хүлээлгэн өгчээ.

Харин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Сайнцагаан суманд зуны хүлэмж 12 ширхэг, инженерийн хийцтэй гүн өрмийн худаг 1, нийт 86,6 сая төгрөгийн өртөг бүхий дуслын усалгааны систем, Баянжаргалан суманд 147,5 сая төгрөгийн өртөгтэй дуслын усалгааны систем бүхий зуны хүлэмж 6 ширхэг, бага оврын трактор, дагалдах тоног төхөөрөмжийн хамт, инженерийн хийцтэй гүн өрмийн худаг, Говь-Угтаал суманд 35,8 сая төгрөгийн өртөг бүхий хонь хяргах төхөөрөмж дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ.

Мөн Эрдэнэдалай суманд 2, бусад сум тус бүрт 27,7 сая төгрөгийн өртөг бүхий нэг дуслын усалгааны систем бүхий зуны хүлэмж өгч, нийт 299,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 30 ширхэг, ЭМГ-т 10 ширхэг, Уламжлалт анагаах ухааны төвд 4 ширхэг, Зоонозын өвчин судлалын төвд 2 ширхэг зөөврийн компьютер олгосныг гардуулжээ.

Төслийн хүрээнд тоног төхөөрөмж гардуулах үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ эдгээр төслүүд Дундговь аймагт хэрэгжиж байгаа нь цаг үеэ олсон төдийгүй иргэд, олон нийтийн эрх ашиг, хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн ажил болж буйг онцолж, төслүүдийг хэрэгжүүлэн, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж буй УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт Дундговьчуудынхаа өмнөөс талархал илэрхийлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ